Хип хоп урсгалын шинэ төлөөлөл залуу дуучин Б.Доржнанжидийг “Хөрөг нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа. Түүний анхны уран бүтээл “Love” цацагдсан даруйдаа олны анхаарлыг татах болсон билээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Багаасаа урлагтай ойр өссөн үү?
-Намайг Бямбанямын Доржнанжид гэдэг. Говь-Алтай аймагт төрж, 13, Сансар хороололд өссөн. Цэцэрлэгт байхаасаа цэнгээнт бүжигт орж, шпагат суугаад л. /инээв/ Наймдугаар ангиасаа арай нэг өөр чаддаг зүйлтэй болмоор санагдаад угаасаа бүжиглэдэг байсан юм чинь бүжгийн дугуйланд оръё гээд одоогийн “Aim4r dance studio” эхлүүлсэн хүмүүсийн анхных нь шавь болоод явсан.
-Бүжигчнээс хэрхэн дуучин болов?
-Төгсөх хүртлээ өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Тэгээд гурван жил тасралтгүй ая сонссон. Хип хоп, R&B янз бүрийн ая сонссоор байгаад хэмнэл чихэнд орчихдог. Тэрийгээ дуулаад байдаг байсан. Дуулах гэж хичээдэг байсан тэр үеэс дууны үг бичиж эхэлсэн.
Би урлагийн гэр бүлээс гаралтай. Манай өвөө Говь-Алтай аймгийн театрын гэрэлтүүлэгч, найруулагч, Засаг даргын нарийн бичиг хийдэг н.Чинбат гэдэг хүн байсан. Манай нагац ах Гавьяат дуучин Ч.Бат-Эрдэнэ. Манай эгч жүжигчин Солонгос улсад жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Янжиндулам гэж хүн бий.
-Яагаад хайрын сэдвээр уран бүтээлээ туурвих болсон юм бэ?
-Эхний “Love” дууг 2014 онд хийсэн. Симпл аяаа олчихсон. Би өөрөө л хайрыг эргэцүүлээд бичсэн нь тэр. Одоогийн хүүхэд, залуучуудын сонсож байгаа дуунууд ихэвчлэн хүнд аятай дуу, эсвэл диско, электро хаус. Яг миний смүүт, зөөлөн аянуудтай уур амьсгал дутаад за за одоо би хийе гээд л хийсэн дээ. Философи санаа маань энгийн. Байгаа цаг бүрээсээ амьд байгаагаа мэдрээд амьдраасай, гоё байгаасай гэдэг үүднээс юм. Клипний зохиол нь хүртэл тэгж явж байгаа.
-Дараагийн уран бүтээл?
-Цомгийн ажил 80 хувьтай явж байгаа. Олон ангит кино шигээр клипүүдээ, дуунуудаа гаргахыг хүсэж байгаа. Гэхдээ би хандалтад ач холбогдол өгөхгүй. Дараагийн хоёр дахь альбомоосоо эхлэн хүмүүстэй хамтарна.
Хамгийн хайртай дуу гэвэл одоо цацагдаагүй нэг дуу байгаа. “Woman” гээд дуу, ээжийгээ бодоод бичсэн. Хамгийн чанартай гэх юм бол яг хэлж мэдэхгүй байна. Бүгдээрээ л яг миний хүссэн шиг болж байгаа.
-Хэр дурламтгай вэ. Найз охинтой юу. Уран бүтээлүүдийг чинь харахаар найз охин нь гадаадад байдаг түүнийгээ санагалзаад хийдэг юм шиг?
-Намайг дурлуулсан эмэгтэй хоёр л байгаа. Түүнээс уулзаж, болзож байсан хүмүүс зөндөө байгаа. Болзоход би нээлттэй байдаг, хоёр талаас бие биенээ таних хэрэгтэй. Дуунуудаа би ирээдүйн эхнэртээ зориулж бичиж байна даа гэж бодож хийдэг.
-Хайр дурлалд хэрхэн ханддаг вэ. Хосуудыг гэр бүлийн амьдралд ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Гэр бүл ч юм уу тодорхой харилцаанд ороод ирэхээр тухайн хүний ертөнцөд орно. Ажил, амьдралд нь нэгэн цул болох гээд явна. Тэгэхээр цаг зарцуулах хэрэгтэй. Надад одоогоор тийм боломж байхгүй байгаа.
Эрэгтэй нь хичээгээд, эмэгтэйгээ ойлгоод хүндлээд хоёр эрдэнэ шиг гоё хайрлаад. Эмэгтэй нь болохоор тэр хайрыг нь мэдрээд, яг гоё биеэ зөв авч яваад олон түмний нүдэн дээр, гэртээ ч юм уу халамж, хайраа үзүүлээд, энгийн гоё, бие биедээ үнэ цэнтэй байгаасай гэж хүсдэг.
-Дуучин залуу ямар мэргэжилтэй юм бэ?
-Хүмүүс намайг дуу гаргаад, дуугаараа явах байх гэж бодож байгаа байх. Гэхдээ би дуугаа хийнэ. Хажуугаар нь хийхийг хүссэн олон зүйлс байгаа.
Эгчийнхээ компанид 2018 оноос хойш маркетингт нь ярилцах, зөвлөлдөх зүйл дээр нь тусалж явж байгаад 2021 онд бид хоёр нийлээд жижиг Coffee shop нээсэн. Coffee shop цэцгийн дэлгүүр давхар Lounge болоод ажилладаг зөвхөн зөөлөн алкохол гаргадаг.
Би чинь уг нь шал өөр мэргэжилтэй. Бизнес, эрх зүйн талын мэргэжилтэй хүн. Тэгээд мэргэжлээрээ ажиллаж байгаад сая дуугаа хийлээ гээд аав, ээж хоёртоо анх хэлэхэд сонин хүлээж авсан. “Дуу? Үнэн юм уу. Миний хүү чинь дуулдаг юм уу?” гээд л. /инээв/ Хоёр дахь клип гараад эмээ над руу залгаад “Хүүдээ баяр хүргэе. Эмээ нь нээх сайн ойлгохгүй байна. Гэхдээ миний хүү гоё харагдаж байна. Хүмүүст хүрээд байгаа юм шиг байна. Дүү нар чинь ингээд байна” гэж ярьж, баяр хүргэсэн.
Манай найзууд надаар бахархаж байгаа нь бас их гоё байгаа.
-Спортоор хичээллэж, хоолны дэглэм барьдаг уу?
-Миний биеийн өндөр 180 см, жин 69 кг. Тогтмол хөдөлгөөн хийдэг болохоор ерөнхийдөө жингээ бариад явдаг. Хоолон дээр чанар их шаарддаг. Тэр зүгээр л амин дэмтэй, минеральтай,илчлэг, уурагтай хоол байх ёстой. Түүнээс амтлагчид би дургүй.
Би шивээстэй. Клипэн дээр гарсан байгаа. Тасын далавч, манай ургийн овгийн нэр, дээр нь нартай. Дээшээ тэмүүлж байгаа, нар уруу бүгдээрээ өөдлөн дэвшээд дээшээ сайн сайхан гэдэг утгатай шивээс.
Яг энэ уур амьсгалд:
“Бараан, бараан гэж харагддаг
Цагаан нь, цагаан юм билээ тулж харахад
Чамайг, чамайг гэсэн сэтгэл байхад
Дахиад, дахиад хайж байдаг чи мэдэх үү
Долоон өнгийн төгс үзэсгэлэнг чи бүрдүүлдэг
Олон зүйлийн хэм хэмжээг чамаар дүгнэдэг
Борооны дараа солонгыг би хайдаг
Хол явахад чинь олохгүй бол гэж би их айдаг. Чи мэдэх үү” гэхгүй юу.
“Хүн өөрийнхөөрөө амьдарна. Чиний л амьдрал өөрийгөө л хуурч болохгүй шүү” гэж манай аавын надад байнга хэлдэг үг. Бүгдэд нь амжилт.