"Black Widow" хочтой цуврал алуурчин Чисако Какехи гэх эмэгтэй дөрвөн эрэгтэйн аминд хүрчээ.
Түүний хамгийн сүүлийн хохирогч нь Японы иргэн 75 настай эрэгтэй Исао Какехи нь эрүүл саруул нэгэн байв. Тэрбээр 2013 оны нэгэн өдөр 67 настай Чисако Какехитэй ( хожим түүнтэй гэрлээд овог нэрээ сольсон ) зуучлах товчоогоор дамжуулан танилцжээ. Хоёр сарын хугацаанд харьцсаны дараа тэд гэр бүлээ батлуулж нэг гэрт орсон байна.
Тэдний амьдрал Киото хотын Муко дүүрэгт жирийн нэгэн Япон айл шиг аз жаргалтай тайван үргэлжилж байлаа. Тэд шинэ жилийн баяртаа бэлтгэн будааны боов хийж, ирэх жилийнхээ аяллын төлөвлөгөөгөө хүртэл ярилцаж байсан ч Исао Какехид шинэ оноо үзэх хувь заяа байсангүй. Тодруулбал, 2013 оны 12 дугаар сарын 28-ний өдөр тэр "Black Widow" хочтой цуврал алуурчин Чисако Какехигийн хамгийн сүүлийн буюу дөрөв дахь хохирогч болсон юм.
Эхнэр нь түүний уух зүйлд цианид хийж хордуулсан байжээ. Цагдаа нар түүнийг бараг жилийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сард гэрээс нь олжээ. Алуурчны аллагыг 2007 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд 2014 онд баримтаар нотлох хүртэл тэрээр сул чөлөөтэй явсаар байсан юм. 2017 онд тэрээр Японы дээд шүүхээс цаазын ял сонсон өдгөө ялын өдрөө хүлээж суугаа. Тэрбээр өөрийн хохирогчдоо танилцах албаар дамжуулан олдог гэж мэдүүлсэн юм. Тэр 2007-2013 оны хооронд энэ аргаар нийт дөрвөн эрэгтэйн амь насанд хүрсэн байна.
Түүний анхны хохирогч нь 2007 онд 78 настай Тошиаки Суехиро байсан бөгөөд Чисакотой хамт хоолонд орсны дараа хорджээ. Тэрбээр ойролцоогоор 437,000 долларын хөрөнгөтэй нэгэн байсан байна. Үүний дараа 2012 онд түүнтэй уулзсан 71 настай Масанори Хондаг мөн Кайзука орчимд мотоцикл унаж яваад нас баржээ. Харин 2013 онд 75 настай Минору Хиоки Чисакотой хамт оройн хоол идсэний дараа хордож үхсэн байдаг.
Чисако Какехи 1946 онд Японы Сага мужид төрж анхныхаа нөхөртэй 1969 онд 23 настай байхдаа гэрлэжээ. Чисакогийн анхны нөхөр нь 1994 онд өвчний улмаас нас барсан бөгөөд энэ үхэлд түүнийг буруутай гэж үзээгүй байна. Мөрдөгчид түүний гэрээс хэргийн газруудад байсан цианидтай уутыг олсноор сэжиглэж эхэлжээ.Тэрээр цианидыг өөрийн ажилладаг байсан хэвлэх үйлдвэрээс авдаг байсан нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/09/25/asia/japan-black-widow-killer-intl-hnk-dst/index.html