Хятад улс гадаадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдээлжээ.
Тэбрээр “БНХАУ дахин нүүрсний томоохон төсөл хөтөлбөр явуулахгүйн зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүч болон карбон энерги, ногоон эрчим хүчний бодлогыг дэмжин ажиллана. Дахин нүүрсний үйлдвэр барихгүй. БНХАУ -ын хувьд Индонези, Бангладеш зэрэг улсуудад томоохон нүүрсний уурхайн төсөл хэрэгжүүлдэг. Үүнд оруулж байгаа санхүүжилтээ аажмаар багасгана” гэв.
БНХАУ нь “Бүс ба Зам санаачилга”-ын хүрээнд нүүрсний төслүүдийг гадаад орнуудад хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Ши Жиньпиний энэхүү мэдээлэл бодлогын том эргэлт болж буй. 2014-2020 оны хооронд Хятад улс “Бүс ба Зам санаачилга” төслийн хүрээнд нийтдээ $160 тэрбумыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байжээ.
Хятад улс нь дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг бөгөөд 2020 оны хэрэглээ нь бусад бүх улсын нүүрсний хэрэглээг нийлүүлсэн хэмжээнээс давсан байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Өнөөдрийн ерөнхий ассемблейн чуулганд дэлхийн хамгийн том хоёр гүрний удирдагчдын авсан чухал амлалтууд надад урам зориг өглөө. Ерөнхийлөгч Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд жил бүр $11.4 тэрбумыг зарцуулахаа амлалаа. Хятад улс нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулахаа зогсоож, үүнийгээ ногоон эрчим хүчний төслүүдэд зарцуулахаар болсныг ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдээд байна. Нийтээрээ нүүрснээс татгалзах нь Парисын гэрээнд тусгасан дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд барих зорилтод хүрэх нэг чухал алхам юм” гэжээ.