Хог хаягдлыг бууруулах чиглэлд Экокэш ХХК иргэдийн хогийг мөнгөөр худалдаж авдаг машиныг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа юм. Бид энэхүү үйлчилгээний талаар тус компанийн захирал П.Очирпүрэвтэй ярилцлаа.
–Хог хаягдлыг төлбөртэй хүлээж авах автомат машины талаар сонирхуулахгүй юу?
Экокэш ХХК 2019 оны хоёр сард байгуулагдсан. Хог хаягдлыг төлбөртэй хүлээж авах автомат машины төслийг 2019 оны долоон сараас эхлэн хөрөнгө оруулалт хийж туршилт хийсэн. Гол үндсэн зорилго хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц хангалтгүй. Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн гар дээр хог хүлээж авах дэд бүтэц байхгүй. Үүнээс шалтгаалаад эдийн засгаа нөхөж эргэлтэд орох боломж хязгаарлагдмал байсан.
Зүүн өмнөд Ази, Америкийн нэгдсэн улсуудад энэ технологийн машин хөгжөөд 40-өөд жил болсон. Манай улсын хувьд хуванцар эсвэл цаасны машин гэхээсээ илүү бүх төрлийн хогийг нэг машинаар дамжуулж авдаг технологийн шийдэл байвал ямар вэ гээд өөрсдийн төсөөлөлд байсан машиныг эхний ээлжид 10-ийг БНХАУ-ын үйлдвэрт угсруулсан. Тэр машин нь 1.2 литрийн хуванцар сав, бүх төрлийн шар айраг ундааны сав жижиг цаасны хайрцаг зэргийг авдаг. Түүнчлэн сүү ундааны хайрцаг, тамхины хайрцаг хүлээж авах боломжтой. Нийтдээ нэг машинаар гурван төрлийн хог хаягдал хүлээж авах боломжтой технологийн шийдлийг туршиж үзсэн. 2019 оны 12 сараас 2020 оны гурван сар хүртэл Номин сүлжээ дэлгүүрт байршуулсан. Яг энэ хугацаанд ковидийн нөхцөл байдал хүндэрсэн. Засгийн газраас хөл хориотой холбоотой асуудал хөндөгдөж туршилт зогссон. Мөн машин нь үйлдэл хийхийн тулд заавал гараараа дэлгэцэн дээр харьцах шаардлагатай болохоор ковидийн нөхцөл байдал гээд энэ үйл ажиллагааг зогсоох шаардлагатай болсон.
-Тэгвэл одооноос эргээд эдгээр машинуудаа олон нийтийн газруудад байршуулах уу?
-Энэ жилийн хувьд Digital nation 2021 арга хэмжээнд хоёр шинэ төхөөрөмжөөрөө оролцлоо. 2021 оны 12 сардаа багтаагаад эхний ээлжид 50 ширхэг машин гаргах бодолтой байна. Ирэх жил 200 ширхэгийг гаргаж байршуулна. Дэд бүтцээ хөгжүүлж тоо ширхгийг яаралтай хөгжүүлэх шаардлагатай. Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, зах худалдааны төвүүд, орон нутгийн захуудад, галт тэрэгний буудлуудад байршуулах төлөвлөгөөтэй байна. Үүний дараа иргэд тухайн төрлийн хаягдал, цаас, лаазыг хогийн саванд хаях нь бодит мөнгө хаяж байгаатай адилхан сэтгэхүйг суулгах гол зорилготой.
Машиныг ажиллуулж үзэх сонирхолтой иргэдэд хог хаягдал нь эрэлттэй байдал үүссэн. Бид хогийн уут бариад хол байдаг хогийн савнуудаар үзэхэд олохгүй байдалтай байсан. Өмнө нь Номин сүлжээ дэлгүүрүүдэд байршуулж байхад хуванцар сав, лааз байхгүй байсан. Машин авах боломжтой хаягдлууд хогийн саванд олдоогүй ололттой харагдсан.