Монгол бөх бол Монголын ард түмний бүтээсэн их өв соёлын нэг, олон зуун жилийн түүхтэй үндэсний спорт билээ. Монгол бөхийн түүхийг бичилцэж, бүтээлцэж байгаа гол төлөөлөгчид, монгол бөх хэмээх тэр өв соёлыг тээгчид нь үе үеийн бөхчүүд байдгийн дотор аварга цолтнууд томоохон байр суурийг эзэлнэ. Бид энэ удаад Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь Аварга Сүхбаатарын Мөнхбатыг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Бөх болоход удам нөлөөлдөг гэдэг. Таны хувьд үндэсний бөхөд хэрхэн хөл тавьж байв?
-Монгол хүүхдүүдийн нэгэн адил багаасаа бөх болохыг хүсэж мөрөөдсөн. Манай аав сумын заан цолтой. 2003 оноос хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэсэн. Тэр үед зургаан залуу зааны дараагийн үе бэлтгэгдэж, монгол үндэсний бөх мэргэжлийн болж хөгжих түвшний эхэн үед үндэсний бөхөөр хичээллэж эхэлж байлаа.
Нэг өдөр улсын наадмын гурван түрүүг цувуулж хаяж байсан. Тэр нь дээшээ том цол авах мөрөөдлийн том жигүүр болж чадаж байсан.
-Та Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул. Хэдийгээр хотод орж ирж суурьшсан юм бэ?
-Хотод ирээд оюутан болоод дараа нь тэр чигээрээ суурьшаад 2007 онд айл гэр болж байлаа. Баянхошууны Зүүнсалааны эцэст манай аавынх хөдөөнөөс нүүж ирээд айл гэр болж, эхний хүүхэд маань төрсөн.
-Бөхөөр хичээллэж байгаа залуус болгон л аваргын төлөө хүч үздэг байх. Тийм болоод ч тэр үү сүүлийн үед зарим нэг бөхчүүдийн хувьд допингийн асуудалтай нэр холбогдсон нь нийт бөхчүүдийн нэр хүндэд нөлөөлөх болсон. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр миний үед хамт барилдаж байсан 6000-7000 залуу нэг дор үндэсний бөхийн аварга болох мөрөөдөлтэй. Том цол авах мөрөөдөлтэй залуус үндэсний бөхөөрөө барилдаж эхэлдэг. Тэгээд түүн дотроос нэгээс хоёр аварга л төрдөг.
Монголд нийтдээ 30 мянга орчим бөх байдаг гэдэг судалгаа бий. Түүний нэгхэн хувь нь улсын цолтой бөх байдаг. Бөх рүү ороод бэлтгэл хийж байгаа хүн сурч боловсрох, эрдэм мэдлэгтэй болох зүйлс нь залуу настай нь хамт дуусдаг. Тэгэхээр асар хэцүү эрсдэл дундуур орж бөх болдог. Бөх болохоор явж байх замд бэртэл гэмтэл их таарна. Ард түмэн монгол үндэсний бөх дотор явдаг хэсэгхэн ганц нэг найраануудыг монгол бөх найраатай, хэсэгхэн хурдан амжилтад хүрэх гэсэн ахар бодолтой хүмүүсийн хооронд явагддаг тэр допингийг бүх бөхчүүд допингтой мэтээр нийгэмд ярьдаг. Нийгэм тэгж ойлгож авдаг.
Өнөөдөр зөвхөн бөхчүүдээс жудаг нэхдэг нийгэм бий болчхоод байна шүү дээ. Энэ нийгэм тэр аяараа жудаггүй эрчүүдээр дүүрчхээд яагаад бөхчүүдээс жудаг нэхээд байгаа юм бэ? Энэ нийгэмд хамт л яваа хүмүүс шүү дээ.
–Магадгүй энэ бүхнээс залхах, шантрах үе байв уу?
-Өнөөдөр бөх болж барилдана гэдэг их зардал гаргадаг болчихсон. Өнөө цагт өдрийн 2-3 удаагийн бэлтгэл хийнэ. Түүнийгээ аль болох нөхөж авахын тулд тэр болгонд мөнгө зарцуулах хэрэг гардаг. Бөхөөр барилдаад аймгийн заан цолтой, зааланд бас аятайхан барилдаад байдаг. Хүсэл, тэмүүлэл, зорилго маань бөх болох сонирхолтой. Бөхийн спортоор явах сонирхолтой мөртлөө яг гэр бүл, эхнэр хүүхэдтэй болоход бүх амьдралаа нуруундаа үүрээд хүүхдийн памперснаас эхлээд гэр бүлийн хоол унд, автобус унаа гээд маш олон зүйл дээр эргэлзээ үүсэж эхэлсэн. Тэр үед Солонгос хүртэл явах гэж үзэж байсан. Тэгээд л бөх рүүгээ тууштай орж байсан. Энэ ч утгаараа хүмүүсээс илүү их хөдөлмөрлөхийг хүсдэг байсан. Илүү их бэлтгэл сургуулилт хийхийг, илүү их цагийг өөртөө зарцуулж, өглөө босож ирээд мэхээ мартчихгүй юмсан гээд тэр мэхээ хийж үзэх гээд гүйдэг байлаа.
-Хүүхэд байхаасаа таныг их хөдөлмөрч байсан гэж сонссон. Өссөн орчин ирээдүйн замналд тань нөлөөлсөн байх?
-Намарт хадлан хийнэ, тариа тарина, тарианы тэр олон га-ны зэрлэг зулгаана. Миний идэх хоол тэнд байгаа учраас түүнийг хөдөлмөрлөж хийдэг байсан. Хамгийн сайнаараа. Тэр нь эргээд надад бяр, хүч болон барилдахад тус нэмэр болж байсан байх.
-Танайх баялаг номын сантай юм. Ном хэр их уншиж байна?
-Сүүлийн үед номонд орж байгаа. Мэдэхгүй зүйлүүд их гарч ирж байна. Судалгаатай ч юм уу, ярих гэж байгаа зүйлээ жаахан өөрийнхөө түвшинд ойртуулж ярьдаг хэмжээнд очихын тулд ном унших шаардлагатай юм билээ.
-Зөвхөн бөх барилдаад ар гэрээ авч явах амаргүй байх. Таны эрхэлдэг бизнесийн талаар сонирхож болох уу?
– Би бас сониуч зан ихтэй. Ер нь юмыг тарьж, ургуулах сонирхолтой. Сүүлийн жилүүдэд энэ тарьж, ургуулдаг чиглэлийнхээ зүйлсийг түлхүү сонирхож, судалж, хийж байгаа. Япон улстай сүүлийн 3-4 жил нягт хамтын ажиллагаатай монголын зарим ургамлууд судлаад явж байгаа. Амжилттай сайн явж байгаа. Японы хавдрын эсрэг лабораторитой хамтраад хавдрыг устгаж болох монгол ургамлуудыг бас судлуулж байгаа. Хүний сайн сайхны төлөө юм хийх юмсан. Тийм чиглэлийн нэг ч гэсэн зүйлийг бүтээх юмсан. Өөрөө гар, бие оролцох юмсан гэж хүсэж мөрөөдөж явдаг.
-Та энэ нийгмийг юунд нь шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Дандаа л хүчирхэг эдийн засаг, хүчирхэг баян улсыг бүтээхийн тулд бүгдээрээ зориод хүн болгоны сэтгэлгээ дандаа тийм баян байхыг хүсдэг болсон байна.
Одоо миний бодлоор, харж байгаа өнцгөөр бол нам гэж 2, 3 талцуулаад л хүн гэдэг талынхаа хүн чанар, мөн чанаруудыг гээчихсэн. Муугаар ярихад, уучлаарай, хэн түрүүлж баяжих уу, хэн түрүүлж дарга болох уу гэдэг уралдаанууд л бий болоод байгаа. Ийм нийгэм, ийм орчинд тэр хүүхэд баялаг бүтээж сайхан аж төрж, энэ Монгол гэсэн Улсын төлөө эх оронч сэтгэлгээгээр хандана гэдэг нь өөрөө бас өрөөсгөл, дутуу ойлголтууд бий болж байгаа.
Спортын хүнд хамгийн их ойлгуулж өгдөг зүйл нь амьдралын мөн чанар. Хүн өөрөө бусдаас дутуугаа, илүүгээ мэдэрч авч чаддаг. Одоо энэ нийгэмд чинь хүн бусдаас дутуу байж илүү гарах гэж хийсвэр зан гаргадаг. Хийсвэрээр, хүмүүст хуурамчаар би үүнээс илүү гэж үзүүлэх гэдэг. Түүнээс болоод энэ хуурамч нийгэмд маш муухай зүйлүүд үлдээд байна. Бөх гэдэг зүйлийг хүмүүс өнөөдөр зөвхөн унаа, хаяагаар дэнсэлдэг. Гэхдээ монгол үндэсний бөхөд үүний цаана маш олон мөн чанарууд үнэт зүйлүүд оршдог. Том хүнийг хаяж дийлнэ гэсэн сэтгэл зүй, тэр хүнийг хаяж, унагаах ур чадвар маш олон зүйлээр, тэр физикийн маш олон чанарын онолууд, олон зүйлүүд, математикч чанарууд үүнд нөлөөлж байж хүнийг унагаж хаядаг. Унаж, хаясны дараа хүн байх тал дээр маш олон хүмүүжлийг авдаг. Үндэсний бөх өөрөө энэ уламжлалыг дотроо тээж, хадгалж явдаг.
Тийм болохоор миний амьдрал яг бөх шигээ сэтгэж, хөдөлмөрлөнө гэж. Хүн хөдөлмөрлөснийхөө үр шимийг амсана. Зөв хөдөлмөрлөөд олсон мөнгө ямар амттай байдаг билээ гээд энэ амьдралын амтыг надад ухааруулж, ойлгуулж мэдрүүлсэн учраас би амьдрал дээр зөв явахыг хичээдэг. Зөв хөдөлмөрлөхийг хичээдэг. Зөв мөнгө олохыг хичээдэг.
Монголчуудын хувьд энергийнхээ хувьд мундаг ард түмэн гэж ярьдаг. Саяхан Японы Квантын эрдэмтэдтэй би уулзаж байхад тэр эрдэмтэн нь хараагүй хүн байсан. Би очоод уулзаад гар барихад шууд намайг таньж байсан. “Энэ хүн монгол хүн байна аа” гээд. Та яаж мэдэв гэхэд энерги нь илүү мэдргэдэж байна гэсэн. Тэр хүмүүстэй ярилцахад монголын чиглэлийн зүйлсийг их судалсан байсан. Монгол эрчүүд уулан дээр гараад шинэ сар хараад шинэ он тоолол эхлэхэд л уул, хадаар гараад энд тэнд очдог чинь бидэнд эрчмээ сайжруулж, тэр энергийг байгалиасаа авдаг.
Монгол бөхөд маш олон монгол эр хүнд байх ёстой чанарууд байсан учраас айл болгон хүүхдээ бөхөөр хичээллүүлж, бөх болгохын тулд тэр сургаал, номлолыг нь хайрлаж ирсэн байгаа.
Баянаа аваргын нэг онигоо байдаг. Манай нэг ахтай наадам дээр очоод байж байсан чинь нэг өвгөн ирээд “Өө Баянмөнхөө сайн уу, их л дотно мэндлээд ярьсан. Х.Баянмөнх аварга ч их дотно яриад л. Тэгсэн Баянаа аварга тэгж байна гэнэ. “Хүүш өвгөөн, нөгөө хүрэн морь яасан бэ, хүрэн морь энэ наадамд ирсэн үү” гэсэн чинь нөгөө өвгөн нь “Өө Баянаа, нөгөө хүрэн морь чинь хөгширсөн шүү дээ” гэж. Тэгэхээр нь нөгөө манай ах “Энэ өвгөнийг сайн таньдаг юм уу?” гэсэн чинь “Ямар юмыг нь таньдаг юм. Нэг өдөр гэрт нь хоол идэж байсан юм байлгүй” гэж гэнэ. “Та сая мундаг л дотно юм шиг яриад байсан шүү дээ. Тэр байтугай хүрэн морийг нь хүртэл мэдээд байлаа шүү дээ” гэтэл “Хүрэн морьгүй монгол гэж ямар юм байдаг юм” гэсэн гэдэг.
Аварга цолны гэдэг ч юм уу, алдартай хүний ч гэдэг юм уу, тэр дундаа монгол үндэсний бөхийн хүний зовлон тэр байна шүү дээ. Яг өөрийнхөөрөө ихэвчлэн байж чадахгүй. Тэр болгонд гоё байх гэж хичээнэ. Хүн болгоны урмыг хугалчихгүй юмсан. Хүн болгонтой гоё мэндэлчих юмсан. Хүн болгоныг уурлуулалгүй, гомдоохгүй явуулчих юмсан гээд. Тэр болгонд өөрөө байнгын тавилттай. Гэхдээ сүүлийн үед дасаж байна даа /инээв/.