Үндэсний номын 30 дахь удаагийн баяр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн. Үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ховор хуучин, хэвлэлтээс гараад удаагүй шинэхнээрээ гээд төрөл бүрийн номын худалдаа энд төвлөрчээ. Талбайн хоймор хэсэгт зохиолчдын асрууд эгнэсэн байх бол баруун талаар голдуу хэвлэлийн газруудын асрыг байрлуулсан харагдана.
100 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ДЭЛГЭСЭН ӨРГӨӨ ЦАГААН ГЭР
Олон асрыг сонирхон явахад Төв талбайн голд зассан Монгол гэр хэн хүний анхаарлыг татан байлаа. Энэ жил 100 жилийн ой нь тохиож байгаа Монгол Улсын Үндэсний номын сангийн хамт олон "Алтангэрэл", "Манал" тэргүүтэй сан хөмрөгийнхөө ховор, нандин ном, судруудаа нийтэд дэлгэн сонирхуулахын сацуу үндэсний хувцастай номын санч нар таны сонирхсон асуултад хариулж байсан юм.
ЗОХИОЛЧИДТОЙ УУЛЗАН ГАРЫН ҮЗЭГТЭЙ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БОЛОХ БОЛОМЖ
Талбайн хоймор хэсэгт зохиолчдын асрууд эгнэжээ. Эндээс уншигчид зохиолчидтой уулзан хамтдаа гэрэл зургаа татуулан бяцхан яриа өрнүүлж, гарын үсэгтэй номын эзэн болох боломжтой юм.
ХҮССЭН НОМОО ХҮҮГҮЙ ЛИЗИНГЭЭР ХУДАЛДААД АВ
Номын баярт хүссэн номоо урьдчилгаа, хүү, шимтгэлгүйгээр зээлэх боломжийг Альфа номын дэлгүүрийн хамт олон уншигчдад олгожээ. Энэхүү боломжийг аши глахыг хүссэн хэн бүхэн иргэний үнэмлэхтэйгээ Альфа дэлгүүрийн асрыг зориход л хангалттай. Тус асраас 100 мянган төгрөгийн худалдан авалт хийснээр эхний төлөлт 0 төгрөг байна. Харин үндсэн төлөлтөө зургаа хуваах боломжтой. Ингэхийн тулд Альфа номын дэлгүүрийн хоёр жигүүрийн асарт байрлах Pocket-ынхноос дэлгэрэнгүй мэдээллийг авч, гэрээ байгуулж байгаа уншигчид олон байлаа. Энэ асарт ирсэн хүмүүс “Хүссэн номоо дараа гэж хойшлуулалгүй худалдаж аваад унших боломж бүрджээ” хэмээн ам сайтай байсан шүү.
ДУРТАЙ НОМОО ТУХЛААД УНШ
Номын баярын төв талбайн баруун өмнө хэсэгт очиход "ESAN" гэх асар анхаарал татав. Савлуур, тухлаг сандал, буйдан гээд тун тухлаг орчныг бүрдүүлжээ. “Дуртай номоо тухлаад унш” уриатай энэхүү асар хэн бүхэнд нээлттэй. Амрангаа дуртай номоо унших, зургаа авахуулах боломжтой. Мөн ESAN буюу Үндэсний цахим номын сантай танилцаж, хэрхэн ашиглах зааврыг мэдэж авах юм.
Түүнчлэн номын баярт хүрэлцэн ирсэн хэн бүхэн 1000 төгрөгөөр номтой болох боломжтой. Мөн шинэхэн кофе уун, нэг номын үнээр хоёр номтой болох, хайртай дотнын хүмүүстэй худалдан авсан номоо бэлэг болгох бол гоёмсог боолт хийлгэх гээд олон зүйлсийг нэг дор амжуулах боломж бүрджээ. Ид шидийн орны залуус дөрвөн жилийн ойн баярын бяцхан танилцуулгаа дэлгэн хүүхэд багачуудын дуу хоолойг сонсож автобус хүртэл зэхсэн байсан шүү.