14 жилийн өмнө боловсролын салбарт таван найзын хамт “Амжилт” компанийг үүсгэн байгуулж, хөл тавьсан математикийн багш Жаргалсайханы Шижир өдгөө 11 охин компанитай, 200 гаруй ажилтантай болж өргөжин тэлжээ. Бид түүнийг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж, бизнеснийн алдаа, оноо, амжилт, ирээдүйн зорилгынх нь талаар ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Жаргалсайханы Шижир гэдэг. Математикийн багш мэргэжилтэй. IT-гийн суурьтай боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амжилт” компанийг удирддаг, үүсэн байгуулсан хүн. Манай компани 11 охин компанитай. Боловсролын чиглэлээр мэдээллийн технологи, IT-гийн суурин дээр үйл ажиллагаа явуулдаг. 2007 онд бизнес, ажлын гараагаа эхэлж, захиалгаар вэб сайт хийж эхэлсэн. Дараа нь видео реклам хийдэг болсон. Хүүхэлдэйн кино, өөрийн гэсэн аппликейшн, вэб сайттай болсон. Тэр аппликейшн, вэб сайт дээрээ тулгуурлаад өөрийн гэсэн сургууль, бусад охин компаниудаа үүсгэн байгуулаад хөгжүүлээд авч явж байна.
-Бизнес эрхлэхэд эрсдэлийг тооцсон ч алдах үе гардаг. 14 жилийн хугацаанд алдаа оноо хэр их байв?
Бизнес хийгээд явж байхад маш олон алдаа, буруу шийдвэрүүд гаргана. Жишээ нь, 2011 онд анх видео реклам хийгээд дараа нь өөрийн гэсэн Pixar, Disney шиг хүүхэлдэйн кино, контент, бүтээлтэй болно. Олон улсад гарна Оскар авна гэсэн амбиц, мөрөөдөлтэй 3D анимейшн, захиалгын реклам хийдэг байсан. Дараа нь өөрсдөө богино хэмжээний контент хийж байгаад 2015 онд Монголын анхны 3D анимейшн “Мора” гээд бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хоёр жилийн хугацаанд хийгээд гаргасан.
Гэгээлэг төсөөллөөр бол маш их орлого олно, асар их алдар, нэр хүнд авна. Хүн болгон мэдээд л, хүн болгон намайг магтаад л цэнгэлийн манлай, ноён оргилд их том амжилтад хүрнэ гэж бодсон чинь эсрэгээрээ маш их доромжлуулсан, шүүмжлүүлсэн. Муухай хүүхэлдэйн кино хийсэн байна. Ашиг орлого олох байтугай бүр санхүүгийн хувьд дампуурсан. Бизнес өөрөө шударга, хатуу байдаг. Үнэхээр л Холливудын “Shrek” мундаг хүүхэлдэйн кинонуудтай эн тэнцэхгүй хүүхэлдэйн кино болохоор хэрэглэгчид шууд шүүмжлээд муулдаг юм билээ.
Тэгээд хүүхэлдэй кино хийснийхээ дараа би маш их зүйлийг сурч авсан.
Дараагийн хүүхэлдэй кино болох “Зуузуугийн найзууд” 100 ангит 3D анимейшн хүүхэлдэйн кино хийхдээ ажилтнуудаа яаж бэлтгэх үү, яаж сургах уу, тоног төхөөрөмжөө хаанаас ямар хямдхан, чанартайг олж авах уу, маркетинг, сурталчилгаагаа яаж хийх үү гээд менежментийн хувьд бүрэн хийгээд дууссан учраас их зүйлийг олж авсан. Одоо “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино маш сайн байгаа. Бага насны хүүхэд болгон мэдэж байна. Энэ хүүхэлдэйн кино одоо Казахстан улсад гарахаар гэрээгээ байгуулсан. Тун удахгүй олон улсын зах зээл рүү эхний алхмаа хийнэ.
“Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино нэг талаас нийгмийн сайн сайхны төлөө байгаад байна. Хүүхэд багачууд, сургуулийн өмнө бага насны хүүхдүүдийг ярьж сургах, эерэг хандлагатай, ахмадаа хүндлэх хүмүүжилд нь их тустай агуулгатай ангиуд бүтээдэг. Нөгөө талаар энэ бизнес болохоор хүүхэлдэйн киногоо телевизээр гаргаад түүнд тулгуурласан бүтээгдэхүүнүүд борлуулалт хийгээд сайн явж байгаа. “Мон сүү”, “Monti” компани манайхтай хамтарч ажиллахаар болж байгаа. Бага насны хүүхдэд зориулсан эрүүл, аюулгүй таблет хийж гаргахаар болсон. Түүн дотор Зуузуугийн аппликейшн, контентууд бүгд орох юм.
-Анх энэ бизнест хөл тавьж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
Анх бизнесээ таван найзтайгаа эхэлсэн. Тэр өдрөө нэг нь итгээгүй гарсан. Долоо хоногийн дараа дахин нэг нь гараад сарын дараа хоёулаа үлдсэн. Нэг жил хамт ажиллаад тус тусдаа бизнесээ хийгээд явсан. Одоо манайх 200 орчим ажилтантай.
-Боловсролын салбарт “Амжилт” системээ нэвтрүүлсэн байгаа. Энэ талаараа ярихгүй юу.
–“Амжилт.com” нь анх сургуульд зориулсан болохоор программ болгож хөгжүүлээгүй. Зөвхөн багш нарт зориулсан байж байгаад дараа нь сургууль, хүүхэд багачууд, багш нарт зориулснаар, байгууллагын сургалт гээд боловсролын чиглэлээр дагнаад төрөлжөөд явсан. Анх сургуулиуд эксел ч юм уу цаасан дээр бүх зүйлээ хийж явдаг байсан бол манай программыг ашигласнаараа бүх үйлдлүүдээ программ дээрээ шивээд бүх датагаа цуглуулаад, эргүүлээд тэр программаа тайлан, шийдвэр гаргахад хэрэглэдэг сургуулийн дотоод үйл ажиллагааг маш сайн хөнгөвчилж өгсөн. Багийн мөрөөдөл минь боловсролын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийх болохоор үүндээ тулгуурласан. Одоо улсын, хувийн гээд 50 гаруй сургууль манай Амжилт системийг ашиглаж байна. Дийлэнх нь хувийн сургуулиуд ашиглаж байна. Одоо борлуулалт сайтай, цаашдаа олон улс руу гарья, Буриад Казахстан руу зарья гэсэн хэтийн мөрөөдөл, зорилготой ажиллаж байна.
-Ойрын болон ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлоод байгаа вэ?
-Миний зорилго бол нэлээд том амбицтай байгаа. Дэлхийн ТОП 10 компанийн нэг болно. Боловсрол хүн төрөлхтний байнгын тулгамдсан асуудал. Үүнийг яаж бага зардлаар, илүү чанартай, илүү үр дүнтэй суралцах дээр IT ашиглаж технологи, шинэ шийдэл, инноваци нэвтрүүлэхийн төлөө зорин ажилладаг. Манай компанийн гол үндсэн зорилго нь энэ. Ингэж явсаар дэлхийн ТОП 10 компанийн нэг болно гэсэн алсын хараа, мөрөөдөлтэй ажилладаг.
Мөрөөдөл, зорилгоо төлөвлөгөө болгоод явахад бүтнэ, чадна гэдэгт итгэдэг.