Цар тахлын улмаас онлайнаар зохиогдохоор болоод байсан Нью Йоркийн загварын долоо хоног эхэллээ. Энэ үеэр дэлхийн алдарт загвар зохион бүтээгчид болох Брандон Максвел, Кристина Сириано болон Габриела Хеарст нар өөрсдийн колекцийг танилцуулж байгаа юм. Загварын урлаг сонирхогчдын хувьд хүсэн хүлээсэн долоо хоног ийнхүү эхэллээ гэдгийг CNN онцолж байна.
Тус арга хэмжээнд дэлхийн алдартай загвар өмсөгчид болох Жижи Хадид, болон илүүдэл жинтэй загвар өмсөгч Прешиус Ли нар голлох үүрэгтэй оролцож байгаа. Тэдэнтэй хамт Кандис Хаффин, Кети Холмс нар загварын тайзнаа эргэн иржээ.
"Fashion week" буюу загварын долоо хоног нь загварын салбар дахь чухал арга хэмжээ. Хамгийн алдартай загварын долоо хоногууд нь дэлхийн загварын нийслэлүүд болох Нью Йорк, Лондон, Милан, Парист жилд 2 удаа зохиогддог. FALL/WINTER буюу намар/өвөл болон SPRING/SUMMER хавар/зуны загварын долоо хоног гэж тус тус ангилна. Хоёр болон гуравдугаар сард FALL/WINTER, ес болон аравдугаар сард дизайнерууд SPRING/SUMMER цуглуулгаа дэлгэн үзүүлдэг. Загвар зохион бүтээгчид, брэндүүд хамгийн сүүлийн үеийн цуглуулгуудыг улирал эхлэхээс хэдэн сарын өмнө зохион байгуулснаар хэвлэлийнхэн болон худалдан авагчдад дараагийн улирлын хувцасны загварыг урьдчилан харах боломжийг олгодог байна. Хамгийн анхны загварын долоо хоног нь 1943 онд Нью Йоркод зохиогдож үүний дараагаар 1973 онд Парисын загварын долоо хоног эхэлсэн түүхтэй юм. Энэ удаагийн арга хэмжээ энэ сарын 12-нд дуусна.
Эхсурвалж: CNN