ХАНДИВЫН ДАНС: 5005937316 /ХААН БАНК О.ОТГОНЖАРГАЛ/
Манай Өрөг.мн сайтын редакцад О.Отгонжаргал хандсаны дагуу түүний гэрт очлоо. Учир нь тэрбээр 2019 онд хоёр ихэр хүүхэдтэй болсон. Гэвч түүний охин Б.Ану гар сарвууны дутуу хөгжилтэй гэдэг оноштой. Хүүхдийн хөгжил 2-3 насанд нь хурдацтай байдаг. Энэ үед нь хагалгаанд орвол эдгэрэх боломжтой. Хагалгааг Монголдоо АНУ, Энэтхэг, Хятадаас эмч авчраад хийлгэхэд 80 сая төгрөг шаардлагатай байна.
Тэрбээр “Хүүхдээ тээх ёстой хугацаанд бүрэн тээж төрүүлсэн. 4D, 5D эход гурван удаа харуулахад эмч ямар асуудалгүй байна гэж байсан. Онош нь төрөлхийн гар сарвууны дутуу хөгжил, гажиг гэсэн оноштой. Хөгжих явцдаа зогсчихсон. Охиныгоо гурван удаа асаргааны хурлаар авч орсон. Эхний хоёрт нь өрхийн эмнэлгээрээ дамжуулж материалаа өгсөн. Гурав дахь дээр нь би өөрөө өрхийн эмчээ дагуулаад хамт орж байсан. Тэгэхэд манай охиныг юу гэж хэлсэн бэ гэхээр нэгт, онош нь заалттайгаа нийцэхгүй байна. Хоёрт танай охин хөнгөн гэж байгаа юм. Өнөөдөр миний охин ердөө баруун гарынхаа эрхий, чигчий хурууг л ашигладаг. Тэгэхэд аль нэг төвшинд мухар байх ёстой гэж байгаа юм. Тэгж хатуурхаж болохгүй л дээ “ гэлээ.
Тэрбээр хүүхдүүд нь бага учраас ажил хийх боломжгүй. Гэхдээ мөнгө олж болох юу хийж чадах вэ гэж их бодоод энергийн чулуугаар ээмэг, зүүлт, бугуйвч хийж зардаг байна. О.Отгонжаргал “Эмэгтэйчүүдийн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоёл чимэглэлийн зүйлийг эзэндээ ээлтэй энергийн чулуугаар хийж үзье гэж бодоод бэлэгшээгээд хийсэн. Одоо эсгий урлалын сургалтад сууж эхлэх гэж байгаа. Мөнгө олох боломж юу байна аль болох бүгдийг нь л ашиглаад үзье гэж бодож байна. Ямар ч байсан сүүлд нь охиныхоо өмнө нүүр бардам ээж нь чинийхээ төлөө энэ бүгдийг хийсэн гэж хэлнэ шүү дээ. Охиныгоо ийм төрчихлөө гээд хувь заяанд нь эвлэрээд суугаагүй тэмцсэн гэдгийг л хэлмээр байна” гэж хэлсэн юм.
Мөн тэрбээр “Хүний гар хуруу гэдэг чинь хүнд ямар хэрэгтэй билээ. Хүн 10 хуруугаараа амьдралаа бүтээдэг гэж ярьдаг. Тэгэхээр би ч гэсэн охиныгоо тэгээсэй л гэж хүсэж байна. Өөрийн гэсэн гар хуруутай хүн чинь сурч боловсорно, цаашаа хөдөлмөрлөнө. Бүх ирээдүй нь л гэрэлтэх боломжтой. Миний охин одоо хоёр нас зургаан сартай. Гурван нас уруугаа ойртоод л байгаа учраас цаг хугацааны хувьд шахуу байна. Одоогоор эмчилгээний зардлын 10 хувийг нь л цуглуулчхаад байна. Манай охины нийт зардалд 80 сая төгрөг хэрэгтэй байгаа. Хэрвээ хүсэх юм бол надаар бугуйвч захиалаад хийлгэж болно. Сайхан сэтгэлтэй ард түмнээсээ нэгэн бяцхан охины ирээдүйн амьдралыг бүтээх хуруу хайрлаач ээ л гэж хүсмээр байна” гэж хэллээ.