Нийслэлд төрийн болоод төрийн бус өмчийн 280 сургууль байдаг байна. Тэгвэл цэцэрлэг сургууль танхимаар хичээллэж эхэлснээс хойш 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571 хүүхэд, 11 сургуулийн 55 бүлгийн 1594 хүүхэд ойрын хавьтал болж зайн сургалтад шилжсэн байна. Халдвар авсан хүүхдийн тоог одоогоор нэгтгэн гаргах боломжгүй гэдгийг албаныхан хэллээ. Учир нь ойрын хавьтал болох, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгаарлагдаж байгаа гэдэг тайлбарыг өгсөн юм.
Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Хэрвээ танхимаар сургалтын үйл ажиллагаа явуулж байхад ямарваа нэгэн халдвар гарах юм бол зайны хэлбэрт долоо хоногийн хугацаатай шилжүүлнэ гэж заасан байгаа. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүд хичээллэж байгаа анги танхимд халдварын нэг тохиолдол бүртгэгдвэл зайны хэлбэрт шилжүүлнэ. Хоёрдугаарт нь 12 ба түүнээс дээш насны коронавирусийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан анги танхимд байгаа нэг бүлгийн дотор гурав ба түүнээс дээш халдвар илэрвэл цахим хэлбэрт шилжүүлнэ гэж заасан. Гуравдугаарт нь өөр хоорондоо хамааралгүй гурав ба түүнээс дээш ангид халдвар бүртгэгдсэн тохиолдолд давхраар нь буюу хичээлийн байраар нь цахим хэлбэрт шилжүүлнэ. Дөрөвдүгээрт нь өөр хоорондоо хамааралгүй нэг давхар нэг жигүүр биш гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдвар гарвал сургууль, цэцэрлэгээр нь бүхэлд нь зайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн дөрвөн үндсэн заалтын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа” гэлээ.
Боловсрол шинжлэх ухааны яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан түр журам гээд тушаал гарсан. 25-аас доош бүлэгтэй сургуулиуд эцэг эхийн санал хүсэлт дээр үндэслэн сургуультай хариуцлагын гэрээ байгуулан гэрээний үндсэн дээрээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар хичээллэж болно гэсэн журамтай. Энэ журмын хүрээнд төрийн өмчийн бус 19 сургууль танхимаар хичээллэж байна.
Дархлаажуулалтын талаар нийслэлийн боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар “12-17 насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын өгсөн мэдээгээр нийт 12-17 насны хүүхдийн 70,9 хувь нь вакцинд хамрагдаад байна. Нийт багш нарын 98,2 хувь нь бүрэн тунд хамрагдсан. Боловсролын салбарын багш ажилтнууд гуравдугаар тунгийн вакциндаа наймдугаар сарын 31-ээс эхлэн хамрагдаад явж байна” гэлээ.