ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Бундэстагийн индэр дээрээс канцлерийн хувьд хамгийн сүүлийн удаа үг хэлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусгавар болж байгаа. Дараагийн удирдагчийг сонгох сонгууль удахгүй болно. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай, "ногоон" эрчим хүчийг хөгжүүлэх, терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьсан байна.
Германы Засгийн газрын тэргүүн коронавирусийн вакцинд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриаллаа.
Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болно. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Бундэстагийн шинэ гишүүд санал хураалтаас хойш 30 хоногийн дотор хуралдах ёстой. Канцлерын бүрэн эрхийн хугацаа шинэ парламентын анхдугаар хуралдааны дараа дуусдаг боловч шинэ удирдагч сонгогдтол албан ёсоор Канцлерын үүрэг гүйцэтгэгч болж, бүх эрх мэдэл нь хэвээр байдаг юм.
Шинэ Канцлер Ерөнхийлөгчийн итгэмжлэх жуухыг хүлээж авсны дараа албан тушаалдаа орно. Гэхдээ намууд эвсэх тухай хэлэлцээний дараа бүрэн эрхийг нь олгодог байна. Дөрвөн жилийн өмнө ийм хэлэлцээ хийхэд 172 хоног үргэлжилжээ.
Эх сурвалж: Reuters