“МЭК” судалгааны байгууллагаас сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ буюу хүнсний багцын үнийн талаар судалгаа гаргасан байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг "Атар" талх 1200-1300 төгрөгөөр худалдаалагддаг байсан бол 1540 төгрөгөөр зарагдаж байна. "Миний монголын сүү" 2859 төгрөгөөр зарагдаж байсан бол хүнсний дэлгүүрүүдээр 3100-3200 төгрөгийн үнэтэй байна. байна. Тэгвэл бусад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаарх мэдээллийг хүргэе.
Энэ талаар “МЭК” судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар "Нэг өдрийн хүнсний хэрэгцээ гэж сагс бүрдүүлсэн. Үүнд хэт тансаг юм байхгүй. Гэхдээ хангалттай өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг дөрвөн ам бүлтэй өрхөд юу байж болох вэ гээд бид энэ багцыг гаргаж байсан. Үүнийг бид өнгөрсөн наймдугаар сарын 2, есдүгээр сарын 1,2-ны сагсны үнийн өөрчлөлтийг харьцуулж гаргасан.
Тодруулахад төмсний үнэ 4-р сарын 9-ны үнэтэй харьцуулахад өөрчлөгдөөгүй. Намар болж байхад төмс хямдрах ёстой шүү дээ. Дөрөвдүгээр сарын 9, есдүгээр сарын 1 хоёрын төмсний үнэд өөрчлөлт ороогүй байж байна. Мөн намрын улиралд хонины махны үнэ буурна гэж хүмүүс хүлээлттэй байгаа. Тэгэхэд дөрвөн сарын эхтэй харьцуулахад хонины мах 13 хувиар нэмэгдсэн байна.
Дөрвөн сар бол хавар одоо намар болчхоод байхад мал таргалаад нийлүүлэлт сайжирч байгаа байх. Гэтэл хонины мах 13 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол бас л анхаарах асуудал. Намар болж байхад сүүний үнэ яагаад нэмэгдэв гэдэг бас л сонин. Одоо сүүний нийлүүлэлт хамгийн сайн баймаар юм. Сүүний үнийг 4-р сарын 1-тэй харьцуулахад 12 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх найман сарын 1-нд нэг сүү 2859 төгрөг байсан бол одоо 3199 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өнгөрсөн дөрвөн сарын үнийн өөрчлөлттэй харьцуулахад хүнсний багц 8 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр энэ хүнсний багцны үнийн өсөлт бага багаар явж л байна. Тэгэхдээ иргэдийн өрхийн орлогын төвшинд бол ямар өөрчлөлт орж байгааг одоогоор болж хэлж мэдэхгүй байна." гэлээ.