Багаасаа олон хэл зэрэг сурч эхэлсэн С.Марал-Эрдэнэ зургаан хэл бие даан сурчээ. Тэрбээр өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж хамгийн хямдаар буюу бүтэн жилийн хугацаанд 50-90 мянган төгрөг төлөөд орос, англи, япон, солонгос, хятад, франц хэлийг цахимаар сурах боломжийг бүрдүүлжээ. Цахим сургалтынхаа агуулгыг гаргахад зургаан жилийн хугацаа зарцуулсан байна.
Энэ талаар “Zenith” сургалтын төвийн үүсгэн байгуулагч С.Марал-Эрдэнэ “Хэл сурч эхлэх болсон шалтгаан нь Москва руу ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Монголоос цөөн хэдэн хүүхдүүд төлөөлж явсны нэгэнд нь багтсан. Тэнд очоод сар болоход 30 гаруй улс орны хүүхдүүдтэй найзалсан. Дараа нь бид хоорондоо мессенжрээр харьцахад хэлний маш олон бэрхшээлтэй тулгарч байсан. Ер нь л одоо хэлээ сурахгүй бол болохгүй юм байна гэж бодоод бүр илүү шимтэн сурах болсон. Ерөнхийдөө англи хэлийг сурсны дараа франц хэл, орос хэлийг сурахад маш амархан байсан. Япон хэлийг сурсны дараа бол хятад хэл үргэлжлүүлээд солонгос хэлийг сурахад дөхөм байсан. Амьдралын боломж гайгүй ч юм уу эсвэл боломжтой айлын хүүхдүүд сургалтын төвд илүү их хамрагддаг юм шиг санагдсан. Боломжгүй хүмүүс бодоод л яваад байдаг, хэрэгжүүлж чаддаггүй. Тэгэхээр хүн болгонд нээлттэй тийм зүйл юу байж болох вэ гэж бодож байгаад “Zenith” гээд энэ төвөө үүсгэн байгуулсан” гэлээ.
Энэхүү сургалтын хөтөлбөр үзсэн хичээлийн агуулгад нь суурилан хүмүүсийн хооронд харилцаа үүсгэх, асуулт асуух ярих, сонсох, бичих чадварыг хамтад ахиулдаг. Төлбөр хямд олон хүн хамрагдах боломжтой байдлаар сургалтаа явуулдаг учраас шууд багштайгаа ярилцах агуулга байхгүй.
Гэхдээ сургалтад хамрагдсан эхний өдрөөс бүтэн жилийн хугацаанд таныг дасгалжуулах, чиглүүлэх байдлаар үр дүнтэй хичээлүүдийг заадаг байна. Мөн “Zenith” сургалтын төвд хандан хэл сурахыг хүссэн ч боломжгүй хүүхдүүд энэ талаараа учир шалтгаанаа тайлбарлан эсээ бичвэл үнэ төлбөргүй суралцах боломжоор ханган ажилладаг аж.