2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан төгсөх ангийн сурагчид ЭЕШ-даа хэрхэн бэлдэж, мэргэжил сонголтоо сонгож байгаа талаар тодрууллаа.
12-р ангийн сурагчид:
-Би 52 дугаар сургуулийн 12г ангийн сурагч. Мэргэжил сонголтоо хийчихсэн байгаа. Ямар ямар хичээлүүдээр ЭЕШ өгөх, сургуулиудаа хүртэл судалчихсан. Одоо хичээл сонголт, сонгон судлал болон давхар сургалтад явж ЭЕШ-даа бэлдэнэ гэж бодож байна. Карантины үеэр хоёр жил гэртээ байсан гэхдээ онлайнаар хичээлээ үзсэн болохоор ер нь дажгүй гэж бодож байна. Мэргэжлээ сонгохдоо ахлах ангид орсноосоо хойш нийгэм тал руугаа чиглэнэ гэж бодсон. ЭЕШ-аа нийгэм, англи хэл, монгол хэл гэж сонгоод олон улсын харилцаа эсвэл сэтгэл зүй тал руугаа явна гэж бодож байгаа. Өөрийнхөө давуу тал дээр үндэслээд ярилцах дуртай ч юм уу эсвэл сэтгэл зүйн салбарыг илүү сонирхдог болохоор тэр талаараа ажиллая гэж бодсон.
-Намайг Цолмон гэдэг. Хичээлүүдээ сонгоод ерөнхийд нь тиймэрхүү мэргэжилтэй болно доо гээд бодчихсон байгаа. Эрсдэлийн үеэс болоод манай анги 33 хүүхэдтэй ч гэсэн хоёр хуваагдаад 15,16-раа орж байна. Хуваагдаж орж байгаа ч гэсэн танхимаар хичээл орж байгаад баяртай байна. Онлайнаар орсноос хамаагүй дээр байгаа. Том болчихсон болохоор нээх их тэгж догдлоогүй. Найзуудтайгаа уулзаад царай царайгаа харж хичээл хийнэ гэхээр гоё санагдаж байна. Энэ жилийг үнэхээр гоё өнгөрөөгөөд төгсөнө л гэж бодож байгаа. Хоёр жил карантинд байчихсан болохоор жоохон ч гэсэн дурсамж бүтээгээд төгсөнө дөө гэж бодож байна.
-Намайг Ширнэн гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 12г ангид суралцдаг. Карантины хугацаанд онлайн хичээлээр ЭЕШ-даа бэлдэж байсан. Мөн өөрөө онлайн сургалтуудад сууж байсан. Одоо хичээлийнхээ хажуугаар сургалтад суугаад ЭЕШ-даа бэлдэнэ гэж бодож байгаа. Хими, биологи, англи хэл гэсэн гурван хичээлээр ЭЕШ өгнө. Ер нь бол мэс заслын эмчээр анагаахын дээдэд орохоор төлөвлөсөн. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь багаасаа эмч болно гэж боддог байсан. Карантины хугацаанд өөрийгөө маш олон зүйлд сорьж, хийж үзсэн.
-Намайг Мишээл гэдэг 10-р ангиасаа хойш 52-р дугаар сургуульд суралцаж байгаа. Хоёр жил карантилаад энэ жил ядаж танхимаар ороосой гээд бодоод байж байлаа. Ангийнхантайгаа хамт дурсамж бүтээлцэж чадаагүй. Энэ жил танхимаар орвол илүү дотно болоод дурсамж бүтээхийг хүсэж байна. Ер нь бол мэргэжлээ яг сонгоогүй байгаа. Толгойн дотор аягүй олон мэргэжил орж ирж байгаа. Тэгээд бодсон мэргэжлээрээ л хичээл сонголт хийж байна. Нийгэм, монгол хэл, англи хэлээр ЭЕШ өгнө. Бүх хүн маскаа зүүгээд гараа ариутгаад хүн хоорондын зайгаа баривал өвчин тусахгүй шүү дээ.