Монгол залуус хиймэл гар бүтээж, технологийн инновацыг эх орондоо нэвтрүүлж байна.
Тодруулбал, 2019 оноос хойш туршилт, хөгжүүлэлт хийсэн Сим Бионикс ХХК-ийн хамт олон робот хиймэл гар Монголдоо бүтээж байгаа юм. Тэд хүүхэд бүрийг ижил тэгш эрхээр хангах зорилготой энэ төслөө “Энгийн мөрөөдөл” гэж нэрлэжээ.
Уг төслийн явцтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр танилцлаа. Энэ үеэр тус компанийн хамт олон цаашид гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр Монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж дотоод болон гадаад зах зээлд манлайлан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн "Энгийн мөрөөдөл" төслийнхөн 500 хүүхдэд хиймэл гар бэлэглэхээр болжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх төсөлтэй танилцахдаа цаашид бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.