Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад ковидийн халдвар авсан 180 орчим бүртгүүлэгч шалгалтад ороогүйг салбарын яамнаас нь мэдээлсэн. Тэгвэл ковидийн халдвар авч, эдгэсэн шалгуулагчдаас есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт авахаар төлөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тоон мэдээллээр улсын хэмжээнд 180 орчим шалгуулагч байгаа аж. Тэдгээр шалгуулагдад нийслэлд болон 12 аймагт нийтдээ 13 шалгалтын байр бэлдэж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалтад орох шалгуулагчдын нэрсийг Эрүүл мэндийн яамнаас ирүүлж, өчигдөр суудлын хуваарийг нь хэвлэжээ.
Халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулсан байна. Шинээр боловсруулсан сэдэв, даалгаварын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлнэ.
Шалгуулагчид анги танхимд ирэхдээ иргэний үнэмлэх, бусад холбогдох бичиг баримт, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастайгаа ирнэ. Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн байдлаар ЭЕШ өгөх сурагчдын нэрсийг явуулж байгаа учраас эмнэлгийн бичиг шаардахгүй. Халдвар авсан хүүхдүүдийн тоо өндөр байгаа ч яг арванхоёрдугаар ангиа төгсч, ЭЕШ өгөх гэж байгаа нь хүүхдүүдийн тоо бага байгаа талаар албаны хүн онцолсон.
ЭЕШ 2-4-ний өдрүүдэд улсын хэмжээнд өглөө 10.00 цагт эхэлнэ. Энэ шалгалтад зөвхөн Covid-19-өөр өвчилсөн хүүхдүүд орно. Өөр ямар нэгэн шалтгаантай сурагчид шалгалт өгөх боломжгүй юм байна.