Өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглан өглөөний дасгал хийж байсан залуусыг хүрз барьсан эрэгтэй сүрдүүлжээ. Тухайн арга хэмжээнд оролцож байсан эмэгтэй бичлэг хийн цахим сүлжээнд тавьсан юм.
Бид уг бичлэгийг хийсэн Э.Нямцэцэгтэй утсаар холбогдож тодрууллаа.
Э.Нямцэцэг “Бид долоо хоногт гурван удаа уулзаж цуглан хамтдаа ном уншиж дасгал хөдөлгөөн хийдэг. Өнөөдөр бид өглөө 06:30 минутад уулзан цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд сунгалтын дасгал хийж байтал гэнэт л нэг гартаа юм барьсан эрэгтэй хүн талбайн гол руу шууд дайрч орж ирснээ “Ална шүү, дахиад над дээр ирэх юм бол бүгдийг чинь ална шүү” хэмээн тэнд байсан залуус руу барьж явсан зүйлээ далайн сүрдүүлсэн. Тэнд бид гар утас дээрээ хөгжим тавин дасгал хийж байсан. Түүнээс айхтар чимээтэй байгаагүй. Тэр хүн 3-5 минут орчим биднийг сүрдүүлж заналхийлсэн. Эхлээд балмагдаад хүүхдүүдээ холдуулсан. Гэнэт л ухаан орж утсаараа бичлэг хийсэн. Би хүүхдүүдээ холдуулан тэр хүнийг дагаад араас нь явахад “Sunrise town хотхоны хамгийн наад талын 401 байрны эхний орц руу орсон. Орц руугаа ортлоо тэр хүн гартаа барьсан зүйлээрээ хажуугаараа өнгөрсөн залуус руу далайсаар явсан.
Буцаж очоод хүүхдүүдээ тайвшруулан арга хэмжээгээ үргэлжлүүлсэн. Бид ном уншин дасгал хийж, өөр хоорондоо танилцья гэдэг утгаараа групп чатаар холбогдоод цугладаг залуус.
Өнөөдрийн арга хэмжээнд 40 орчим хүүхэд залуус цугласан. Цэцэрлэгт хүрээлэнд цугласан хүмүүс бүгд л бидний адил утсаараа хөгжим тавин дасгал хөдөлгөөн хийдэг.
Тухайн үед цагдаа дуудаагүй яахаа ч мэдэхгүй байсаар өнгөрсөн. Яг ийм хүмүүст ямар хариуцлага тооцдог юм бэ сайн мэдэхгүй байна" гэлээ.