“Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгч, агаарын цэргийн дайчин Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ.
Монгол эмэгтэй, эх хүн ийм л сайхан сэтгэлтэй. Эх сурвалж: Edmond Dantes” хэмээх мэдээлэл өнөөдөр цахим орчин түгэээд байна.
Тухайлбал, Brave Bee гэх хэрэглэгч уг постыг “Монгол Ээжүүд” нэртэй фэйсбүүк группт постолсныг гурван цагийн дотор 218 хүн шэйрлэж, 407 хүн лайк дарсан байна.
АНУ-ын нисэх хүчин Афганистаны Кабул хотоос Катар хүрэх нислэг үйлдэх үедээ 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явсан үйл явдал нь үнэн хэдий ч уг онгоцны нисгэгч нь монгол эмэгтэй гэх мэдээлэл нь баримтаар нотлогдсонгүй.
FactCheck:
Уг мэдээллийг нягтлахад анх П.Баттулгуур гэх твиттер хэрэглэгч өнөөдөр 09:03 минутад оруулжээ. Ингэхдээ “Эх сурвалж: Edmond Dantes” гэснээс харвал уг жиргээг хошигнол болгон оруулжээ. ҮҮНИЙГ ЖИРГЭЭЧ П.БАТТУЛГУУР ӨӨРӨӨ БАТАЛГААЖУУЛСАН ЮМ.
Ташрамд дурдахад Edmond Dantes бол Александр Дюмагийн “Монте Кристо” гүн зохиолын гол дүрийн баатрын нэр билээ.
Зурган дээрх эмэгтэйн тухайд 2019 онд фэйсбүүкт мэдээлэл нь гарч байжээ. “Америкийн агаарын цэргийн нисэх хүчинд албаа нэр төртэй хааж яваа Ганбаатарын Гантуяа. Монгол эмэгтэйн дайчин зан чанарыг мэдрүүлж явна” хэмээн нийтлэгдэж байжээ. Уг постод дээрх зураг анх гарсан байна.
Өөрөөр хэлбэл, Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгч, агаарын цэргийн дайчин Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явсан гэдэг нь ХУДАЛ мэдээлэл байна.
Аливаа мэдээллийг цааш түгээхдээ заавал нягталж байна уу.
Эх сурвалж: factcheck.mn