Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд өнөөдөр шаардлага хүргүүлж байна.
Иргэд энэ газрын зөвшөөрлийг цуцлах, эсвэл зориулалтын дагуу ашиглахыг шаардаж буй юм.
Иргэн Б.Амгаланбаатар, "Өнөөдөр бид Шонхор тауэрийн зөвшөөрөл авсан зориулалтын дагуу ашиглахгүй байгаа талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ үүнийг эзэмшдэг ба анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв барина хэмээн анх охиныхоо үүсгэн байгуулсан Төгс эрдэм ТББ-аар дамжуулж газрыг нь авсан. 2010 онд Шонхор таурын барилгын ажлыг эхлүүлж, 2014 онд ашиглалтад оруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх байгууллага учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх шат, орох хаалга зэргийг хийх хэрэгтэй байна хэмээн 2015 онд 601 метр квадрат болгож нэмж авсан байдаг. Тухайн үед С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас давуу эрхээ ашиглан энэхүү газрыг томруулж авсан гэдэг нь харагдаж байна. Тухайн үед М.Энхболд болон Ц.Сандуй нар зөвшөөрөл олгосон. Энэ байшин ашиглалтад ороод долоон жил болоход үүнд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэг ч ТББ үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Энэ барилга зөвхөн бизнесийн чиглэлээр энэхүү гэр бүлийн орлого олох нэг эх үүсвэр болсон учраас бид зориулалтын дагуу энэхүү объектыг ашиглаач гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Мөн долоон жилийн хугацаанд энэ байгууллагаар орж гарсан төсөвт нь татварын шалгалт оруулна. Үүнээс маш олон зөрчил илрэх байх. Түүнчлэн АТГ-д хандаж улс төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа энэ байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр бид шалгуулна" гэлээ.