Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн нь 2021 оны 6 дугаар сарын 12-оос үүдээ нээж иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газруудын нэг болоод буй. Энэхүү хүрээлэнг ховордсон ургамал нутагшуулах, байгалийн ухааны чиглэлээр сурч байгаа оюутан залуусын дадлагын орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулжээ.
Хүрээлэнд Мишээл группээс 2.7 тэрбум төгрөгийн тохижилт хийгээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл тохижуулалт нь бүрэн дуусаагүй, төслийн ажил үргэлжлэх талаар тус байгууллагын хэвлэлийн ажилтан мэдээллээ.
Мишээл группын экологич Н.Цэрэндорж,
“Манайх Мишээл сити төслийнхөө хүрээнд нийт 11 га талбайд 1.1 км замын тохижилт хийж 1000 гаруй мод бут сөөг суулгасан. Үүн дотор Шилмүүст болон навчит моднууд, гоёл чимэглэлийн болон жимсний мод, бут сөөгнүүдийг тариалсан. Мөн суулгасан талбайн хэсэг бүр дээр танилцуулга хийж, Мишээл байгаль орчны танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлогийг гаргаж байгаа юм. Энэхүү газар маань эвдэгдсэн талбай ихтэй байсан. Эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх олон талт өвслөг ургамлаар дүүргэх, эвдэрсэн газрыг хамгаалах ажлыг хийсэн байгаа.
Үйлчилгээний хувьд өглөөний 6.00-9.00 цаг хүртэл үнэ төлбөргүй. Энэ үед хүмүүс дасгал хөдөлгөөн, иогийн бэлтгэлээ хийж байна. Өндөр настан, 16 хүртэлх насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй” гэлээ.
Харин нээгдээд удаагүй байгаа энэхүү хүрээлэнд салхилж байсан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсоход,
"Би өглөө 9.00 цагт ээж дүү хоёртойгоо салхилхаар ирсэн. Энэ хавь ёстой гоё болсон байна. Өмнө нь хүн их байсан болохоор сайн ч тоглож чадаагүй. Маш гоё байна. Хамгийн их таалагдаж байгаа нь гол, голын дэргэдэх тавцан л байна. Өмнө цэцэрлэгт хүрээлэнд л очиж байсан. Ийм гоё гол хардаг газар очиж байгаагүй. Хог хаяхгүй байвал үнэхээр сайхан газар байна. Хүмүүс хогоо хогийн саванд хийгээд шүлсээ хаяхгүй байгаад нь баярлаж байна" гэв.