Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Улсын начин Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа.
Түүний эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр өөрийн фейсбүүк хуудаснаа “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурханаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад “Аав минь одоо босоод ирээч гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна.
Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна” гэжээ.
Эргэн сануулахад, тавдугаар сарын 20-нд Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.