Нярай болон бага насны хүүхдийн арьс бүрэн гүйцэд хөгжиж амжаагүй байдаг. Төрснөөс хойш 1000 хоног буюу 3 нас хүртэлх хугацаанд хүүхдийн арьсны хөгжих үйл явц үргэлжилдэг байна. Иймд хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, биед нь эвтэйхэн хувцас, даавуу хэрэглэх нь чухал байдаг. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэнд нярайд зориулан тусгайлан боловсруулсан даавуугаар хувцаснуудаа хийдэг байна.
“Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга “Анх том хүүгээ төрүүлээд долоон сартай байхад нь “Үр минь” брэндээ эхлүүлж байсан. Тэр үед юу гэж бодсон бэ гэхлээр ээжүүдэд хүүхдүүддээ өмсгөдөг хэдхэн төрлийн хувцаснууд байдаг. Гэтэл тэр хувцас нь хурдан багадчихдаг, хүүхэд маш хурдан том болдог. Яг тэр хувцсыг нь авах гээд гадагшаа гараад хайгаад явж чаддаггүй эргээд нөгөө загварын хувцас олддоггүй зэрэг ийм асуудал үүсэж байсан. Тэгээд анх үр минь брэндээ үүсгэн байгуулахдаа ээжүүд хүссэн загвараа өгөөд, чанартай материалаар хүүхдэдээ хувцас хийлгээд хүргүүлээд авах боломжтой байдлаар хийсэн.
Үр минь брэнд 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 14 ажилтнаас 12 нь ээжүүд ажилладаг гэдгээрээ онцлог. Хүүхэд асрахад тулгардаг асуудлыг ярилцаж бүтээгдэхүүнээ гаргадаг байна.
“Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга “Хүмүүс манай бүтээгдэхүүний онцлогийг дээр нь хэвлэлттэй бүтээгдэхүүн гэж хараад байдаг. Гол онцлог нь маш сайн чанарын материал, мөн монгол хүүхдийн биеийн онцлог стандартад тохирсон эсгүүр буюу загвар байдаг. Энэ гурван зүйлийг ямар ч үед үнэт зүйлээ болгон дагахыг эрхэмлэдэг. Манайх хүүхдийн хувцсанд зориулсан даавууг оруулж ирдэг. Энэ даавуу нь нярайд зориулан тусгайлан боловсруулагддаг учраас будагч нь хүртэл байгалийн гаралтай зөөлөн будагч байдаг. Химийн гаралтай будагчаар будах юм бол даавууны өнгө нэлээд тод болдог. Мөн тодорхой хэмжээнд эмзэг арьстай хүүхэд байвал харшил өгөх эрсдэлтэй. Ийм зөөлөн будагчтай даавууны дээрээс тусгайлан зөөлрүүлж өгдөг. Тэгэхээр хүүхдүүдэд нимгэн хирнээ хөнгөн илүү дулаахан, тав тухтай мэдрэмжийг өгч байдаг” гэлээ.
Тэд цэвэрхэн, тухтай орчинд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна. Их хэмжээгээр үйлдвэрлэж ашиг их олохдоо биш хүүхдэд тохирсон зөв бүтээгдэхүүнийг хүргэе гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн юм. Мөн “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга “Бид нар хувцсаа хийхдээ хүүхэд манай хувцсыг өмсөөд ямар ч хөдөлгөөн хийхэд биед нь саадгүй мөн дулаахан тухтай байгаасаа л гэж хүсдэг. Тийм учраас манай бүх ажилчид яг хүүхдэдээ зориулж хийж байгаа юм шиг эхийн сэтгэл шингээж бүтээгдэхүүнүүдээ урладаг” гэсэн юм.