Төрийн орон сууцны корпорацтай түрээсийн орон сууцын гэрээ байгуулсан "Хангай", "Буянт-Ухаа-2" хотхоны оршин суугчид орон сууцны метр квадратын үнийг анх гэрээ байгуулсан үнээр нь байлгах шаардлагыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Оршин суугчдын төлөөлөл “2016 онд бид зорилтот бүлгийн шалтгаанаар тэнцэж, түрээсийн орон сууцанд орсон. Таван жилийн түрээслэх гэрээтэй явж байгаад 30 хувийн урьдчилгааг гаргаж цаашид өмчилнө гэсэн тохиролцоотойгоор орон сууцандаа орсон.
Гэтэл 2019 онд НОСК байгуулагдаад Түрээсийн орон сууцыг өмчлөх захирамж гарснаас хойш бидэнд гэнэт 1,800,080 төгрөг гэх метр квадратын үнийг тулгасан.
Бидний анх байгуулсан гэрээний ард бичсэн үнийг нь метр квадратад хуваахаар 1,200,080 төгрөг юм. Засгийн газар анхнаасаа хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэж мэдэгдсэн шүү дээ.
Бид өнгөрсөн тавдугаар сараас хойш асуудлаа ярьж явсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн захирамжаар Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч тус ажлын хэсэг олигтой үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрч байгаа тул бид ингэж дуугарахаас өөр арга байсангүй.
Учир нь оршин суугчдын таван жилийн түрээсийн гэрээ дуусаж байгаа учир бидний найдвар тасарч байна. Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна" гэлээ.
Оршин суугчид дараах шаардлагыг хүргүүлж байна. Тодруулбал,
- Орон сууцны метр квадратын үнийг анхны үнээр нь байлгах
- Иргэдийн төлсөн түрээсийг урьдчилгаандаа суутгах
- Таван жилийн хугацаатай түрээслээх
Дээрх хөтөлбөрт 800 гаруй өрх хамрагдсан бөгөөд "Хангай" хотхоны 221, "Буянт-Ухаа-2" хотхонд байр авчээ.