Токио-2020 олимпын наадамд оролцож буй улс, орнуудыг багийн амжилтаар нь жагсаахад Хятад улс гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж байгаа бол нэг алт, нэг мөнгө хүртсэн Итали, Япон, нэг алт, хоёр хүрэл хүртсэн Өмнөд Солонгос зэрэг улсууд удаалж байна.
Харин манай улсын хувьд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монгол Улс Токио 2020 олимпийн наадмаас анхны медалиа авсан. Ингэснээр Монгол улс тэмцээний эхний өдрийн байдлаар нэг хүрэл медальтай 19-р байрт жагсаж байна.
“Gracenote” олон улсын спортын судалгааны компаниас Токио-2020 олимпийн наадмын медалийн хүснэгтийг урьдчилан тооцоолжээ. Энэ медалийн хүснэгтийг багийн дүнгээр АНУ-ын баг тамирчид тэргүүлсэн бөгөөд тэднийг олимпийн наадмаас нийт 114 медаль (43 алт, 30 мөнгө, 41 хүрэл) авна гэж тооцжээ. Харин тэдний араас Хятад улсыг 85 медаль (38 алт, 23 мөнгө, 24 хүрэл) авна гэж тооцсон бол гуравдугаар байранд Оросыг 73 медаль (23 алт, 24 мөнгө, 26 хүрэл) хүртэнэ гэв.