Олон улсын математикийн 62-р олимпиадаас манай улсын баг зургаан медаль хүртсэн. Ингэснээр багийн амжилтаараа Герман, Сингапур зэрэг томоохон улс орныг ардаа орхиж, 11-р байрт орж, түүхэн амжилт гаргаад байна. Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа сурагчдыг удирдсан багш, Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалантай уулзлаа.
Олон улсын математикийн 62-р олимпиадыг Оросын Холбооны улсын Санкт-Петербург хот зохион байгуулж байгаа. Энэ жил цар тахлын улмаас хүүхдүүд маань очиж оролцох боломжгүй, онлайнаар оролцлоо. Монгол Улсын Их Сургууль дээр шалгалтыг зохион байгууллаа. Багийн дүнгээр манайх 105 улсаас 11 дүгээр байранд орсон. Энэ бол маш том амжилт юм. Манай урд, ард ямар улсууд орсон байгааг харахад ойлгогдохоор маш том амжилт үзүүллээ. Ихэнх сурагчид маань өмнөх жил олон улсын олимпиадад оролцсон учраас энэ жилийн хувьд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг таслахгүйгээр жигдхэн, түвшинд нь барих тактик хийж орлоо. Өмнөх жил оролцсон сурагчдаас тав нь дахиж оролцож байгаа учраас их том давуу тал болсон. Мөн бодлогын сонголт манай сурагчдын хувьд илүү тааламжтай байсан болов уу гэж бодож байна. 2019 онд Англид болсон олимпиадаас манай М.Өнөболд алтан медаль авсан. Өнгөрсөн жил “Шинэ Монгол” сургуулийн О.Мишээл алтан медаль авсан. Түүхийнхээ хувьд хамгийн хүчтэй багтайгаа оролцлоо. Манайх энэ удаагийн хоёр алтан медалийг оролцуулаад нийтдээ зургаан удаа алтан медаль авч байгаа юм. Бидний хувьд гол олимпиад маань олон улсын олимпиад байдаг. Үүнээс алтан медаль авсан сурагчид дэлхийн ямар ч топ сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр урилгаар суралцдаг. Жишээлбэл манай М.Өнөболд, О.Мишээл хоёр бол урилгаа авчихсан.