“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах 4 дүгээр секцийн өргөтгөлийн барилга байгууламж, угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Уг өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар, барилгын суурийн 550 метр куб бетон цутгалтын ажлыг гүйцэтгэсэн бол ойрын өдрүүдэд 200 метр кубыг нэмж цутгана. Ингэснээр, суурийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрэх ажээ. Мөн том бутлагдсан хүдрийн агуулгын хэв хашмал, арматурын ажил хасах хоёр түвшинд хийгджээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан энэ ажил эрчимтэй үргэлжилнэ гэдгийг гүйцэтгэгч талууд хэлэв. Ирэх 4 дүгээр сард Хятад улсаас угсралтын мэргэжилтнүүд ирж ажиллахаар төлөвлөж байна. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд чичиргээт шигшүүр зэрэг эхний ээлжийн багаж төхөөрөмжүүд нийлүүлэгджээ. Түүнчлэн үндсэн тээрмүүдийн үйлчилгээний тавцангийн металл хийцийн угсралт эхэлсэн бол цемент, элс, хайрга зэрэг бетон цутгалтын түүхий эд материалын хангалттай нөөцтэй байна. Тиймээс ажил саадгүй урагшилж байна, гэж Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Баярмаа онцлов. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр Хятад улсын “Найпу” компани, туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын “Эрдэнэт лайт” компани, зураг төслийн боловсруулагчаар “Эрчим төсөл” компаниуд ажиллаж байгаа юм.