АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман Монгол Улсад айлчилна.
Тэрээр долдугаар сарын 18-аас 25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчилна. Хатагтай Шерман Токио хотноо Японы удирдлагуудтай уулзаж, цаг уурын хямралтай тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ.
Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Жон Кун нартай тулгамдсан асуудлууд, тэр дундаа БНАСАУ-ын бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, мөн цаг уурын өөрчлөлт, дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлаарх гурван талт хамтын ажиллагааны талаар уулзана. Сөүл хотноо БНСУ-ын албаны хүмүүстэй уулзаж, стратегийн яриа хэлэлцээ хийж, цаг уурын хямрал, цар тахлын тусламж, COVID-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар хоёр ба олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүний дараа орлогч дарга Венди Р. Шерман Сөүлээс Улаанбаатарт ирж, манай албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэх юм.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч аяллын туршид АНУ, Энэтхэг-Номхон далайн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих, олон улсын дүрэм журамд суурилсан дэг журмыг сахиулах чиглэлээр холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллах амлалтаа дахин нотлох болно хэмээн АНУ-ын Төрийн департаментээс мэдээлжээ.
Эх сурвалж: State.gov