“Хямд аялах аргаа заая” фэйсбүүк хуудсын админ С.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр оюутан байхдаа цагийн ажил, бусад оюутнуудын бие даалт хийж хичээлийнхээ хажуугаар аяллын мөнгөө хуримтлуулж 18 орноор аялсан байна. Түүнтэй аяллын талаарх дурсамж болон хэрхэн хямд зардлаар сонирхолтой аялсан талаар ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Анх хэрхэн аялж байсан бэ?
-Сайн байна уу намайг Номин-Эрдэнэ гэдэг. Би ОХУ-д Санктпетрбург хотод барилгын инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Өмнө воганаар долоо хоног яваад сургуульдаа очдог байсан. Бусад оюутнуудын л адил газраар явах нь хамгийн хямд гэж боддог байлаа. Тэгээд гуравдугаар курст байхдаа зуны амралтаараа ирчхээд буцахдаа сайн судлаад үзсэн чинь Бээжингээр дайраад хоёр гурван хоног аялаад Санкпетрбург руу шууд нисэж болдог юм билээ. Энэ бүх зардал нь воганаар явсан зардалтай яг адилхан болж байсан. Тэр үед л анх хүмүүс тэр бүр сайн мэддэггүй, ингэж аялах боломжтой юм байна гэдгийг мэдэж авсан.
-Анхны аяллаасаа хойш хэдэн орноор аялсан бэ? Мөнгөө хэрхэн цуглуулсан бэ?
-Найз залуу маань намайг аялахыг үргэлж дэмждэг. Бид хоёр гэрээсээ мөнгө авахгүйгээр өөрсдийн олсон мөнгөөр аялахыг зорьдог. Оюутан байхад бид хоёр хоёулаа Орост сурдаг байсан болохоор цагийн ажил хийх хориотой байсан. Гуравдугаар курст Бээжингээр дамжиж 9 сард сургуульдаа очоод дараагийн аялалдаа гарахын тулд 12 сар хүртэл аль болох гэрээсээ мөнгө авахгүйгээр Орос оюутнуудын бие даалтууд хийнэ, янз бүрийн зүйл Монгол руу оруулж зарна түүнээс гадна боломж олдвол цагийн ажил нууцаар хийдэг байсан. Тэгээд дараагийн аялал Турк улс руу явж байлаа. Бас л маш хямд зардлаар Москва хотоос Турк руу 60 мянган төгрөгөөр нисэх боломжтой байдаг. Сая төгрөгт багтаагаад бүх юм нь ороод бараг 10 хоног аялаад ирж байсан. Түүнээс хойш одоогоор 18 орноор аялсан байна.
-Таны сэтгэлээс гардаггүй хамгийн сонирхолтой аялал тань хаашаа явсан аялал байсан бэ?
-Миний хувьд Кавказ руу явж байсан аялал маань сэтгэлээс огт гардаггүй. Яагаад гэхээр би санаандгүй Кавказын нуруугаар аялсан юм л даа. ОХУ-ын Москва хотоос Гүрж рүү хямд зардлаар аялал зохион байгуулах гээд Оросын Влади гэдэг хот руу нисээд тэндээсээ газраар Гүрж рүү очих байлаа. Миний судалснаар хил дээрээс визээ авах боломжтой байдаг гэж интернетээс уншсан. Тэгээд бараг шөнийн 10 цагийн үед Владикавказ хотод очсон бай. Гүрж рүү явах машинаа захиалчихсан байсан учраас шөнөдөө хил дээр очтол уучлаарай таныг визгүй учраас оруулах боломжгүй гээд буцааж байсан. Тэр үед би нэг найзтайгаа хоёулханаа цүнхээ үүрчихсэн шөнийн хоёр цагийн үед хилээс доошоо буцаад ОХУ-ын хил рүү алхаад явж байлаа. Кавказын нуруунууд нэлээд өндөр ер нь байгалийн сонин тогтолцоотой газар. Орой болоод манан татчихсан сарны гэрэлд сүрлэг уулс нь харанхуйлаад сүрдмээр харагдаж байсан. Тэр үед таньж мэдэхгүй газар Гүржийн хилээс наашаа оросын хил рүү алхаад явж байхдаа уйлаад явж байлаа. Тухайн үед надад аягүй хэцүү санагдаж байсан ч одоо бодоход айдастай мөртлөө адал явдалтай аялал байсан. Байгалийн сонин содноос гадна хэдэн жил болсон муми хүртэл байгаад олон сонирхолтой зүйлийг харсан мартагдашгүй аялал болсон.
-Тэгвэл аялж байхад тань олон л сургамжтай зүйлс болдог юм байна. Энэ талаараа яривал?
-Вьетнамд найзтайгаа хамт явж байгаад хөлөө шавхаанд дүрээд аягүй муухай болгочихсон байсан чинь нэг вьетнам эгч харангуутаа миний хөлийг угааж өгсөн. Би тухайн үед гайхаад дотроо надаас мөнгө авах гэж байгаа юм байхдаа ийм луйвар аягүй их байдаг гэсэн гэж бодож байлаа. Тэгсэн тэр эгч угааж дуусаад инээмсэглээд та манай улсаар сайхан аялаарай гэж хэлчхээд яваад өгсөн. Үүнээс би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Вьетнамын ард түмэн би энэ ганцхан жуулчинд сайхан сэтгэгдэл төрүүлчих юм бол энэ хүн эргэн тойрныхоо хүмүүст энэ талаарх мэдрэмжээ яриад илүү олон хүн ирэх боломжтой, аялал жуулчлал хөгжинө гэдгийг ойлгосон юм шиг санагдсан. Тиймдээ ч Вьетнам улсын аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий олон хувийг бүрдүүлдэг юм билээ. Манай улсын иргэд ч гэсэн ийм сэтгэхүйтэй байх нь чухал гэж боддог. Учир нь сөрөг сэтгэгдэл төрүүлэх нь эргээд жуулчдыг үргээх талтай. Тиймээс хүн бүр энэ зүйл дээр хичээх хэрэгтэй гэж бодож байна.
-Монголдоо хэр их аялж байсан бэ? Аялал жуулчлалаа цаашид хэрхэн хөгжүүлээсэй гэж боддог вэ?
-Одоогоор Монголдоо нээх сайн аялж амжаагүй л байна. Гэхдээ амралтын өдрүүдээр очиж болох газруудаар аялж үзсэн. Тэр дундаа Дундговь аймгийн Цагаан суварга дээр очиж үзээд надад үнэхээр гоё санагдсан. Монголын сонирхолтой тогтоцтой сонин содон газар байсан. Миний бодлоор Монголд аялал жуулчлал хөгжүүлэхдээ өөрсдийн онцлог давуу тал болох нүүдэлчин соёлоо сайн харуулаасай гэж боддог. Гадаадаас жуулчин ирлээ гэж бодоход гадуур зүгээр нэг дагуулж явахаас илүү хүмүүс хэрхэн яаж амьдарч ирснийг харуулдаг ч юм уу, тийм контентуудыг бэлтгээсэй гэж боддог.
-Хүмүүс турж байгаад эсвэл их мөнгөтэй болохоороо гоё камертай болохоороо аялна гээд л нэг болзол тавиад байдаг тэр зөв үү буруу юу ер нь яах ёстой байдаг юм болоо? Юу хүлээгээд байгаа юм бэ аялаач ээ гэж зөвлөх үү? Эсвэл төлөвлөж гарах нь зөв гэх үү? Өөрийнхөө зүгээс зөвлөвөл?
-Ер нь бол манай фэйсбүүк хуудсын санаа бол үргэлж залуу насандаа, ямар нэгэн алдах юмгүй, мөнгөгүй, илүү туршлагагүй байгаа дээрээ аялах нь хамгийн зөв шийдвэр гэж бид нар зөвлөдөг. Хэрвээ ямар нэгэн цэгт хүрээд аялалд гарах юм бол яг одоо мэдэрч байгаа шиг тийм аялал болохгүй. Оюутан байхдаа ч юм уу эсвэл мөнгөө цуглуулж байгаад аялсан тохиолдолд юм болгоны үнэ цэнийг мэдэрнэ. Онгоцны буудал, хостелд хоносон ч тэрийг нээх тийм хүндээр хүлээж авахгүй. Энэ л жинхэнэ адал явдалтай, үүргэвчтэй аялал болдог. Залуу байхдаа аялах нь хүнийг илүү ухаалаг, амьдралын үнэ цэнэ бусад зүйлсийг мэдэхэд, өөрийгөө олоход тусалдаг гэж боддог. Гэхдээ аялах гэж хүмүүс маш сайн төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд бол аяллаа детальчилж төлөвлөснөөр мөнгөө сайн хэмнэдэг гэж боддог. Тодорхойгүй аялал өртөг өндөртэй байдаг.
-Аялалд хөрөнгө оруулна гэдэг нь өөртөө хөрөнгө оруулна. Сайхан аялахын тулд баян байх шаардлагагүй гэх зүрхэнд орсон онч үгс танай фэйсбүүк удсанд нийтлэгдсэн байдаг шүү дээ. Аяллаас өөрийгөө олно гээд л олон яриа байдаг. Тэр ер нь хэр үнэний ортой вэ?
-Би өмнө өөрийгөө олно гэхээр холын юм боддог байсан. Жишээлбэл ямар нэгэн юм тохиолдож байж өөрийгөө олно. Эсвэл маш холын урт удаан хугацааны зүйл гэж бодож байсан. Тэгсэн чинь аялалд явсан өдрөөс хойш өөрийгөө олно гэдэг зүйл энэ юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өөрийгөө олно гэхээр нэг тийм төсөөлж байгаагүй нөхцөл байдалд өөрийгөө аваачаад би тэр үед ямар шийдвэр гаргах уу? Би ямар хүн бэ? Жишээлбэл аялалд явж байхад хэцүү зүйл тохиолдвол би ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгээ наад захын өөрийн дуртай, дургүй зүйлүүдээ олж мэдсэн. Би ер нь арван жилийн сурагч байхын л хичээнгүй онц сурдаг хүүхэд байсан. ЕБС, Их сургуулиа улаан дипломтой төгссөн. Гэтэл би яг өөрийнхөө дуртай зүйлийг мэдэхгүй бүх юманд л сайн боломжийн ч яг нэг юмандаа бол сайн байгаагүй. Харин аяллын ачаар өөрийгөө хамгийн сайн ойлгосон. Би барилгын инженер мэргэжилдээ тийм ч дуртай биш юм байна. Миний сонирхол бол аялал юм байна. Аялалтайгаа өөрийнхөө бизнесийг холбох шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд саяхнаас гарааны бизнестэй болсон. Удахгүй бүх хүмүүстээ хямдхан аялах боломжийг олгосон аппликейшныг зах зээлд гаргахаар ажиллаж байна.
-Найз залуутайгаа хамт аялж байсан нэлээд дэмждэг гэж байсан. Хамтдаа аялж байсан сайхан дурсамжууддаа хуваалцвал?
-Өөрсдөө аяллынхаа мөнгийг олдог байсан учраас их хэмнэлттэй аялдаг. Нэг зун бид хоёр мөнгөө цуглуулаад Тайланд руу аялаад мэдээж хуруу хумсаа хугалан байж аяллын мөнгөө олсон болохоор илүү дутуу юманд мөнгөө үрэхгүй очоод аялалдаа үрнэ гэсэн бодолтой байсан. Тиймээс бид хоёр гэрээсээ боорцог, хуушуур хийгээд хоёр хоног юм авалгүйгээр явж байсан. Тухайн үед нэлээд өлсөж очсон болохоор Тайландад очингуутаа идсэн халуун хоол маш гоё санагдаж байсан. Одоо бол бид хоёрт тэр аяллууд маань сайхан дурсамж болсон байдаг. Бас олон сайхан газруудад очиж байсан ч Индонезийн Бали аралд сайхан дурсамжууд олон бий. Гоё цаг агаартай, хоол нь ч амттай, үзэж харах юм маш их, дээрээс нь далайн эргийн аялал хийх боломжтой. Индонезийн Бали арал руу хоёр талын онгоцны зардалтайгаа нийлээд нэг сая 800 мянган төгрөгөөр явж байсан. Бали руу явсан аялал маань хэмнэлттэй байсан ч гэсэн хаусанд амьдраад тансаглах үедээ тансаглаад Арван хэдэн хоногийн маш сонирхолтой аялал болсон. Аялж байх үедээ мэдээж мөнгөө хэрэгтэй зүйлдээ үрэх үедээ үрээд, тансаглах үедээ тансагладаг.
-Аялалд гарахын тулд мөнгөө хуримтлуулдаг гэж байсан. Хэрхэн цуглуулдаг вэ? Хэрвээ та аялалд яваагүй байсан бол таны амьдралд ямар мэдрэмж дутуу байх байсан бэ?
-Аяллын мөнгөө цуглуулдаг данстай. Ямар нэг хэрэггүй зүйл авах мэдрэмж байдаг даа. Тийм мэдрэмж төрсөн үед тэр мөнгөө аяллынхаа данс руу хийчихдэг тэгэхлээр тэр нь бага багаар хуримтлагдахаар урам зориг аваад аялалдаа зарцуулдаг. Бид нар маш олон үргүй зардлуудыг гаргадаг хий дэмий зүйлсэд мөнгөө үрдэг. Тэр болгоныг хурааж хуримтлуулбал аялалдаа зориулах мөнгө гарч ирдэг.
Хэрвээ би аялалд яваагүй байсан бол өөрийгөө энэ хэмжээнд ойлгож таньж мэдэхгүй байсан байх. Өөрийгөө таньж мэдсэнээр өөртөө итгэлтэй болсон гэж боддог.
-Одоо юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ? Залуустаа хандаж ямар үг хэлэх вэ?
-Орлогын түвшин, нас харгалзахгүйгээр хүн бүрийг аялж үзээсэй гэж боддог. Тийм учраас хүн болгоныг хямд зардлаар аялах боломжтой болгох аяллын аппликейшны төсөл дээрээ ажиллаж байна. Коронавирус гайгүй болохоор илүү олон улс руу аялах төлөвлөгөө гаргасан. Фэйсбүүк хуудас хамт хөтөлдөг залуус маань аяллын багаа бүрдүүлээд аялалд гарч байгаа. Миний хувьд 12 сард багаа бүрдүүлээд гадагшаа аялах төлөвлөгөөтэй байна. Хамгийн түрүүнд Африк руу явах бодолтой байгаа. Бяцхан охиноо өлгийдөж аваад амьдралаа босгох, гэр бүр зохиох, ээж болох өөр том аялалд гарсан. Ирээдүйд хуримаа Мальдивт хийх хүсэлтэй байгаа учраас хамгийн ойрын хугацаанд тийшээ аялах хүсэл мөрөөдөлтэй байна. Гүрж рүү өмнө нь очоод хил дээрээс нь буцсан болохоор Гүрж рүү бас аялах төлөвлөгөөтэй байгаа.
Залуу хүмүүсийг битгий хойш суугаасай, таны бодол дотор байгаа хийж үзье гэж бодсон бүх зүйлээ туршиж үзээрэй гэж хэлэхийг хүсэж байна.