EURO 2020-ийн финалын тоглолт Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болж Италичууд 11 метрийн цохилтоор яллаа.
Тоглолт эхлээд дөнгөж 2 дахь минутад Английн шигшээ багийн сөрөг довтолгоо амжилттай болж баруун жигүүрийн хамгаалагч Киран Триппьегийн хөндлөн дамжуулалтаар зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шо гоол орууллаа.
Ийнхүү хожигдож эхэлсэн тул Италичууд түлхүү бөмбөг эзэмшин довтолж байсан ч Английн нягт хамгаалалтыг сэтэлж чадалгүй эхний үе 1-0 харьцаагаар өндөрлөлөө.
Люк Шогийн гоол EURO-гийн финалд орсон хамгийн хурдан гоол болон бичигдлээ.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд Италичүүд олон дахин довтолж илүүтэй бөмбөг эзэмшсэний эцэст тооны харьцааг тэнцүүллээ.
67 дахь минутад Федерико Киезагийн хүчин чармайлтаар авчирсан булангийн цохилтоос Доменико Берарди мөргөж хаалгачийн тавын шугам дотор бужигнаан дундаас Италийн төвийн хамгаалагч Леонардо Бонуччи гоол оруулсан.
Тооны харьцаа 1-1 болсон тоглолт "дахин эхлэхээр" болж харилцан довтолсоор байсан ч амжилт ололгүй үндсэн цаг дууслаа.
Нэмэлт цагт мөн тоглолтын хэмнэл намжилгүй харилцан довтолсоор байсан ч гоол оролгүй дуусаж 11 метрийн цохилт цохихоор боллоо.
Английн шигшээ багаас сэлгээгээр орж ирсэн хоёр тоглогч болон залуу тоглогч Сака 11 метрийн цохилтоо алдсанаар Италичууд түрүүллээ.
Энэхүү түрүү нь Италийн шигшээ багийн 53 жилийн дараа хүртэж буй Европын аваргын цом бөгөөд тэд Европын аваргын хошой аварга боллоо.
Харин Английн шигшээ багийн хувьд 55 жилийн дараа том тэмцээний шигшээд, анх удаа Европын аваргын шигшээд шалгарч мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор Жианлуижи Доннарума, мэргэн буучаар Криштиану Роналду тодорлоо.