Нийслэлд баяр наадам тэмдэглэхгүй болсон учир нийслэлийн дийлэнх иргэд ес хоногийн амралтыг, хөдөө орон нутаг, цэвэр агаарт өнгөрөөхөөр шийдсэн байна. Их хотын хөдөлгөөн татарч, иргэд хөдөө орон нутгийг зорих болсонтой холбогдуулан ТЦА-ны Урьдчилан сэргийлэх албаны зохицуулагч ахлах дэслэгч Б.Энхболдоос хөдөө орон нутагт зорчихдоо юуг анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
"Жолооч нар хотоос гарангуутаа л хурд хэтрүүлдэг. Дүрэмд бол суудлын автомашин нийслэл хотын замд 60 км/цаг, орон нутгийн замд 80 км/цагаас илүү хурдтай зорчихгүй гэж заасан байдаг ч жолооч нар хурд хэтрүүлдэг. Техникийн ямар нэг саатал гэмтлийг мэдээгүйгээс болж хурд хэтрүүлж байгаад осолдох тохиолдол орон нутгийн замд их бүртгэгдэж байгаа. Тиймээс замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй зорчих хэрэгтэй” гэж санууллаа.
Тээврийн цагдаагийн албанд ирж байгаа дуудлагын статистик судалгаанаас харахад зам тээврийн ослын 60-70 хувь нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болжээ. Тиймээс жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж, хурдаа тааруулаарай.
Он гарснаас хойш зам тээврийн ослоор 20 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Үүнээс долоон хүүхэд жолооч хөдөлгөөн эхлэхдээ анхааралгүй байснаас болж эндсэн байна. Бяцхан үрсийн амь насанд аюул учруулах ийм үйлдэл гаргахгүйн тулд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө машины болон дугуйны эргэн тойрныг шалгах хэрэгтэй.
Мөн өдрийн цагаар 30-32 хэмийн дулаан байгаа үед машиндаа газ, асаагуур гэх мэт хий, спиртийн агууламжтай зүйлийг нарны шууд тусгалаас хол газар хийх хэрэгтэйг сануулж байна. Газ нь битүү орчинд хэт халснаас болж бууддаг. Улмаар машинд гал авалцах, шатах өндөр эрсдэлтэй байдаг.
Жолоочид замын хөдөлгөөнд оролцож байх үеэр эвдрэл, гэмтэл гарахад замын зорчих хэсгийг чөлөөлөхгүйгээр шууд тэр газраа зогсдог. Улмаар ард нь явж байсан тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин харанхуй үед гэрлийн гялбаанд орж, том тэрэгний араас мөргөх тохиолдол он гарснаас хойш 2-3 бүртгэгджээ.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, хөдөө орон нутгаар зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.