Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн домог болсон уран бүтээлчдийн нэг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин бол хүртлээ.
Монголын Рок попын урлагт 49 жил зүтгэж яваа, буржгар Жагаа буюу "Чингис хаан" хамтлагийн ахлагч, гоцлол дуучин МУГЖ, Д.Жаргалсайхан Монголын рок попын гэр бүлээс анхны Aрдын Жүжигчин боллоо.
Тэрээр 1979 оноос Монголын рок, поп урлагийн анхдагч болох “Баян Монгол” чуулгад дуучнаар, 1980 оноос Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. 1983 онд Монголын Ардын армид цэргийн алба хааж цэргийн “Оч” хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар нь 2 жилийн хугацаанд ажиллаж байлаа.
“Соёл-Эрдэнэ” хамтлагтай Монгол, Орос, Польш, Герман, Хятад, Япон, Ардчилсан Солонгос зэрэг орнуудад айлчлан тоглосон.
“Чингис хаан“ хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээлэлийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг.
Д.Жаргалсайханыг “Монголын Рок Хөгжмийн Амьд Домог“ гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч Хүндэтгэлийн батламжийг 2003 онд “Алтан микрофон“ хөгжмийн наадмын үеэр гардуулсан байдаг.
Түүний аав Чимидийн Дашзэвэг нь 20 гаруй томоохон хөшөө дурсгалыг бие даан босгосон Монголын монументаль чиглэлийн том төлөөлөгч, нэрт уран барималч, уран зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хүн. Ээж Гаадангийн Бадам нь ардын хөгжимчин, хөгжмийн багш байсан төдийгүй хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд 50 шахам жил хөдөлмөрлөж байгаа, Монгол Улсын Гавьяат Багш хүн билээ.
Монгол түмний дуулах дуртай олон, олон уран бүтээлийн эзэн тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч. Д.Жаргалсайхан 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичсэн авьяаслаг уран бүтээлч юм.