Одоогоос 30 жилийн өмнө нөхөр нь төрд зүтгэж яваад онгоцны ослоор нас баржээ. Тухайн үед улсаас тэтгэмж гэж 700 мянган төгрөг өгсөн гэх архивын баримт үйлдэгдсэн байсныг есөн жилийн өмнө олж мэдсэн байна. Улсаас ямар ч тэтгэмж аваагүй гэх энэ эмээ нэр төрөө сэргээлгэхээр ордны баруун талд 36 өдрийн турш сууж байгаа юм. Гэвч одоог хүртэл дорвитой шийдвэр гаргаагүй байна.
Энэ талаар өндөр настан С.Цэвээн “Улсаас 700 мянган төгрөгийн тэтгэмж өгсөн гээд баримт гаргачихсан. 1990 оны хоёр сарын 22-нд оршуулгад явж байхад 21-нд тэр бичгийг үйлдсэн байгаа юм. Тэр их сонин. 2000 төгрөг өгсөн гэсэн баримт бас гарч ирсэн. Үүнийг би өөрөө авсан бол нотлуулах ёстой биз дээ. Юу ч аваагүй. Нэр хугарахаар яс хугар гэж хөгшчүүл ярьдаг. Миний бүр яс байтугай нэр нь хугараад 30 жил архив дотроо хэвтчихсэн байна. Энэ бүгдийг бодоход надад үнэхээр хэцүү байна” гэв.