Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонгожээ.
ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгосон байна.
Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх.
О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, сагсны багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Тэрбээр оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 340-д бичигдэж байна.
Олимпын наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авна.