Коронавирусийн цар тахал нэмэгдсэнтэй холбоотойгоор саун, бассейн, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байсан. Харин өнөөдрөөс эхлэн эдгээр газруудын үйл ажиллагааг хариуцлагын гэрээ байгуулж нээхээр болсон. Тэгвэл үйл ажиллагаагаа нээж буй фитнесс клубууд ТӨРИЙН шийдвэрийн дагуу ажиллаж болж байгаа эсэх талаар тодрууллаа.
Энэ талаар “Бэрд” фитнесс клубийн захирал Э.Анхбаяр “Өмнөх журам нь 30 хувийн дүүргэлттэй, хоёр тундаа хамрагдсан иргэд масктай үйлчлүүлэх гэсэн зарчмаар явж байсан. Манайх чинь 300 м.кв хүн хоорондын зай хоёр метр гэж бодох юм бол нэг дор 30 хүн авах боломжтой. Хариуцлагын гэрээ хийхээр нийслэлийн спорт хороон дээр очиход хоёр гурван шаардлага тавьж байна. Нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд гэрчилгээ, татвар төлсөн баримтаа авчраад гэрээгээ хийнэ гэсэн. Мөн харъяа дүүргийнхээ худалдаа үйлчилгээний хэлтэст очоод тэндээсээ батламж авчрах ёстой юм байна. Фитнесс клубууд хүнсний дэлгүүр, цайны газарт олгодог шиг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дүүрэг дээр очихоор батламж өгөх боломжгүй гээд нийслэл дээр буцаад очихоор батламжаа авч ир гээд яг яахаа мэдэхгүй л байдалтай байна” гэлээ.