Нийслэлийн төсвөөс цахим наадамд зарцуулах гэж буй 2.5 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулах шаардлагыг иргэн н.Энхбат, н.Баянмөнх Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт өнөөдөр хүргүүллээ.
Иргэн н.Энхбат “Цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед ноёдын наадамд зориулж нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулах нь чухал уу, ард иргэд нэг хоногийн өмнө эрүүл байх нь чухал уу гээд иргэний хүний хувьд бухимдаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэмнэж болох маш олон ажил байна. Энэ тоон мэдээллийг бид баримттай гаргаж байгаа. Тухайлбал,
- Алслагдсан 3 дүүрэгт 850 хүний суудалтай соёлын ордон барих гэж буй 35 тэрбум төгрөгөө нэн яаралтай хэмнээч.
- Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжид 3.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Үүний оронд техник тоног төхөөрөмж чухал.
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Энэ мөнгөө хэмнээч.
Нийслэлийн төсвийн тодотголоо яаралтай хийж, 44 тэрбум төгрөгийг эхний ээлжид хэмнэх боломжтой гэж харж байна.
Ийнхүү иргэн Баянмөнх болон миний бие Энхбатын зүгээс 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. НЗДТГ-ын гадна Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар бидний шаардлага саналыг хүлээж авахгүй бол хүлээж автал нь НЗДТГ-ын гадаа сууна. Энэ зүйл нь нийгмийг ямар нэгэн байдлаар өдөөн турхираагүй, ямар нэгэн даргыг огцруулъя гэж зориогүй болохыг мөн хэлье. Бид хэрэгтэй зүйлд нь л мөнгөө зарцуулах хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр ийнхүү шаардаж байна" гэв.
Иргэн н.Баянмөнх “Олон хүний амь эрсдэж байгаа хүнд цаг үед нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг гаргаж наадам хийхэд зарцуулах мөнгөө цар тахалд зарцуулах шаардлагыг миний бие болон иргэн Энхбатын хамт хүргүүлж байна” гэв.