Онцгой байдлын ерөнхий газар eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоожээ. Үүнд, гэрээ байгуулагдсанаас хойш нэг удаа төлбөрөө төлж, дөрөв, тавдугаар сарын төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас eruul.gerege.mn системийн функцийг зогсоох болсноо “Гэрэгэ системс” ХХК мэдэгдсэн байна.
eruul.gerege.mn систем нь ХӨСҮТ, ОБЕГ-тай хамтран ажилладаг. Уг системээр дамжуулж иргэд PCR шинжилгээний цаг авах, хариугаа харах үйлчилгээг авдаг. Систем руу нэвтрэхэд одоогоор "Систем тодорхойгүй хугацаанд ажиллахгүй" гэдэг мэдээлэл гарч байгаа юм.
Тиймээс өнөөдрөөс эхлэн эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсон учраас ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар дээрх тоог мэдээлээгүй юм байна.