Өчигдөр Хүннү эйр ХХК-ийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэж байсан онгоц Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ослын буулт хийжээ. Учир нь уг нислэгт зорчиж явсан 23 настай эмэгтэй Г-гийн биеийн байдал муудаж, таталт өгчээ. Улмаар 58 зорчигчтой зорчиж явсан онгоц Мөрөн нисэх буудалд Хөвсгөл аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох албан тушаалтан нар ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Нисэхийн аюулгүй байдлын хороо хуралдаж, тухайн онгоцны нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн тул оройн 23:12 цагт Мөрөнгөөс-Улаанбаатар чиглэлд хөөрчээ.
Тухайн онгоцоор зорчиж явсан иргэд бүгд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдсан PCR шинжилгээ өгсөн байжээ.
Тус компаниас гаргасан Талархалыг бүрэн эхээр нь хүргэе.
ТАЛАРХАЛ
Хүннү Эйр ХХК-ийн 6 дугаар сарын 30-ны өдрийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигч 23 настай Г –ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч муудсан бөгөөд агаарын хөлгийн дарга тухайн цэгээс хамгийн ойрхон нөөц нисэх буудалд газардаж эмнэлгийн яаралтай түргэн тусламж авах шийдвэр гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд газардаж зорчигчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж алтан амийг нь аварч чадлаа.
Зорчигчийн маань алтан амийг аврахад тусалж хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Нисэх буудал, Аймгийн Онцгой комисс, Аймгийн Нэгдсэн эмнэлэг , Буянт-Ухаа НБ-ын шуурхай алба зэрэг бүх албан байгууллага, тэдний ажиллагсдад зорчигч болон түүний гэр бүлийн өмнөөс хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж цаашдын ариун их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.