Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байгааг анхаарууллаа.
Тэрээр "Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа" гэлээ.