Сангийн сайд Б.Жавхлан болон Шадар сайд С.Амарсайхан нарыг коронавируст халдвар авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ. Тэрбээр "Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.
Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.
Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.
Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна.
ТАЛАРХАЛ
Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж бай хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЗӨВЛӨМЖ
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай" гэж бичжээ.
Харин Шадар сайд С.Амарсайханыг КОВИД-19 халдвар авсан гэх мэдээлэл гараад буйг хэвлэлийг албанаас нь тодруулахад "Тодорхой мэдэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ажилдаа ирж байсан. Харшил нь хөдөлсөн байгаа" гэдэг хариултыг өглөө.