Өчигдөр болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд комедиан Д.Амартүвшин өөрийн үзэл бодлоо илэрхийлж, цахим сүлжээнд лайв дамжуулсан. Энэ үеэр тэрээр “Халдвар хамгааллын дэглэм зөрчихөө болиоч ээ хөөе. Өдөрт өчнөөн хүн үхээд байхад ингэж олон хүн жагсаахаа болиоч ээ та нар. Юу яриад байгаа юм бэ, та нар ч гэсэн халдвар хамгааллын барь л даа” хэмээн хэлснээс болж түүнийг цагдаагийн албан хаагчид баривчлан авч явсан юм.
Бид түүнтэй утсаар холбогдон энэ талаар тодрууллаа. Тэрээр “Өчигдөр гэр рүүгээ явж байгаад Соёлын төв, Дуурийн театрын орчмоор хүмүүс ямар ч халдвар хамгаалалтгүй, зах дээр байгаа юм шиг шахцалдаад зогсчихсон байхтай таарсан. Төв талбай дээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болоод У.Хүрэлсүх индэрт үг хэлж байсан болохоор үнэхээр эгдүүцэн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Би тэнд байсан хүмүүсийг “Өө нээрээ тийм шүү дээ зай барья гэх юм байх гэсэн чинь эсрэгээрээ намайг хөөж, над руу уурлацгаасан. Аргагүй дээ, дандаа МАН-ын хөгшчүүл байсан. Ганц нэг миний үеийнхэн байсан ч шууд нүүр буруулсан.
Цагдаа нар ирээд аваад явахдаа ч намайг ямар шалтгаанаар авч явж байгаагаа хэлээгүй. “Битгий орилоод бай, чимээгүй бай” л гээд байсан.
Цагдаа нар ирээд гар хөл өчөөд татаж чангаагаад байхаар хүн чинь амьсгаадаад зузаан масктай байсныг ч хэлэх үү, амьсгалахад хэцүү болдог юм билээ. Тэгээд маскаа доошлуулж амьсгалсан. Түүнээс биш би өөрөө халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж халуун зунаар зузаан масктай хүртэл явж байгаа.
Намайг цагдаа нар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан. Мэдүүлэг авна гээд “За юу болсон. Янз бүрийн жагсаал цуглаанд уриалсан уу, улс төрийн шалтгаантай юу гээд л” би “Та нар өнгөрсөн хугацаанд толгойд хадаас болтол халдвар хамгааллын дэглэмээ баримтал, зай барь гэчхээд сая талбай дээр юун дэглэм зах шиг байна. Өөр ямар ч шалтгаангүй" гэж тайлбар өгсөн. Тэнд 2 цаг 30 минут саатуулаад явуулсан.
Төр засаг, УОК, НОК, ЭМЯ иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ барь гээд хориод байдаг. Тэгээд аргаа барсан аж ахуйн нэгжүүд тэвчээр тасарлаа нээе гэхээр мэргэжлийн хяналт, цагдаа аваачиж хорьж байгаа ч өөрсдөө болохоор жагсаал, цуглаан сонгууль хийж өвчин тараагаад. Яг үнэндээ энэ бүхний хариуцлагыг Ерөнхийлөнч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан үүрэхгүй. Тэдний тараасан халдварын өртгийг жирийн бизнес эрхлэгч, эмч сувилагч нар үүрэн золиосонд нь яваад байна.
Ойрын жишээ гэхэд өнөөдөр төрийн байгууллага л ямар ч халдвар хамгаалал байхгүй байгаа нь үнэн. Та нар очоод хараарай. Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээ байна. Үүдээр нь ороход халуун хэмжигч байхгүй. Тэнд дугаарлан зогсох иргэд нь зай барьж байгаа юм байхгүй. Түүнийг нь зохицуулж байгаа хүн ч байхгүй. Нэг явчих зүйлийг тодорхой мэдээлэл өгөхгүй эргэж, буцаасаар заавал 2-3 явуулдаг. Хаана нь байна нөгөө халдвар хамгааллын үед бүх юм цахимжина гээд байгаа нь. Тэгээд халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж байгаа газруудаа хамгийн түрүүнд хааж бооно.
Хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байна гэдгийг л би өчигдөр хэлсэн. Өдөрт ковидийн халдвараас болоод 10 давсан хүн нас барж байна. Энэ тэгээд зүгээр л тоо юу. Төр засаг гаргасан шийдвэрээ өөрөө биелүүлдэг л байх хэрэгтэй. Тэр жагсаалд байсан, цугласан олонд хүн халдвар хамгааллын дэглэм хамаагүй юу”