Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “хаах, торгох бодолгүй байгаа” гэлээ. Харин байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсан юм.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд удаан хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана гэлээ. Энэ сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч “Хариуцлагын гэрээ”-г байгуулах юм.
Д.Сумъяабазар: "Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл огт байхгүй. Халдварын тархалтыг намжаах хүсэл эрмэлзэж байна. Цахим орчинд буруу ойлголт түгээж байгаа зохион байгуулалттай хэсэг байх шиг байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн журмыг ААН-үүдэд хүргүүлсэн. Хөл хорио, вакцин гэсэн хоёр арга хэмжээг дэлхийд авч байна. Халдварын эсрэг өөр дорвитой арга хэмжээ авч байгаа газар алга.
Та хэд өөрсдөө хариуцлагатай байгаад өгөөч. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хүндрэлтэй тал байгааг бид ойлгож байна. Дэглэмээ бариад, хариуцлагын гэрээнд гарын үсэг зурна.
Төр тусгай зөвшөөрлийг тогтоох зүйл огт байхгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд халдвар авч нөхцөл байдал хүндрээд байна. Хэдүүлээ нэг шийдэл гаргалгаа, дүрмээ тохиръё.
Иргэд, ААН, төр аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй. Манайхан ААН-үүдийг нээчихээр хэвийн юм шиг бөөнөөрөө бужигнадаг. Эзэн биегүй болоод байгаа зүйлийн эсрэг гэрээний дагуу тохиролцож үйл ажиллагаагаа явуулж болно. Хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ.
Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хүнсний үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, кафе, кофе шопын төлөөллийг бямба гарагийн 12:00 цагаас СТӨ-нд хүлээж авна. Мэдээж хүн хоорондын зайгаа барина. Бүгдээрээ сайн ярилцаж, хариуцлагын гэрээ хийе. Энэ гэрээнд энгийн дөрвөн зүйлийг тусгана. Вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш болсон ажилтан ажиллана. Хүн болон ширээ хоорондын зайг барина. Үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлана. Эдгээр зүйлс гэрээнд багтах юм.
Ресторанууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллавал нийслэлийн зүгээс хориглох зүйл байхгүй. Сая л гэхэд вакцинд хамрагдаагүй ажилтнуудтай газрууд, мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх битгий хэл диско бар шиг ажиллаж байсан. Тиймээс хариуцлагын гэрээ хийхээр болж байна. Харин мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, цагдаа болон рестораны холбоотой хамтарсан шалгалт хийхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байвал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсооход гомдолгүй гэдгээ ТББ удирдлагууд хэлж байна.