СУИС-Дүрслэх урлагийн академийн анхны 40 төгсөгч уран зургийн үзэсгэлэн гаргажээ. Зураачид зотон тосоор уран бүтээлчийн өвөрмөц хэв маягийг илэрхийлсэн байна.
Энэ талаар залуу уран бүтээлч, зураач Б.Одгэрэл, “Миний хувьд мурал арт чиглэлээр зурдаг. Энэ нь аливаа бүтээлийг илүү өргөн цар хүрээтэй дэлгэрэнгүй маягаар танилцуулж буй хэлбэр. Зургаа зотон тосоор будах нь уран бүтээлчийн характер, мэдрэмжийг илүү нарийн гаргаж өгөхөд оршдог юм. Миний бүтээлийн гол санаа нь сэтгэлгээний урлаг руу чиглэсэн гэж хэлж болно. Бүтээлүүддээ гүн ухаан, философийн агуулгыг шингээж үзэгчдэд нэгийг бодуулахыг зорьсон байгаа.
Зурагнуудаа гурван цагийн хэлхээгээр илэрхийлж байгаа юм . Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээ.
- Өнгөрсөн цаг дээр. Хүн сүнсэн биеэ олоод хорвоо дээр ирж байгаа гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Бид төрөөд л өөрийгөө олдоггүй. Амьдралын явцад хийж байгаа зүйлээсээ аливаа зүйлсийг таньж, мэдэж аваад далд ухамсар нь сэргээд ирэхээр мэдрэмж нь давхар хөглөөд сүнсэн бие нь өөрөө өөрийг нь олж өгдөг.
- Одоо цаг дээр. Хүмүүсийн ярьдаг амьдралын мөн чанарыг илэрхийлсэн. Хүний амьдралдаа ойлгож авсан зүйл, хүн гэж юу юм бэ, би хэн юм бэ, юуг мэдрэх ёстой юм бэ гэх зэрэг зүйлсийг гал модоор төлөөлүүлсэн байгаа. Дээрээс авч байгаа камерын түвшинд зургаа харуулахыг хүссэн. Мөн салхины мэдрэмжийг оруулж өгөх гэж хичээсэн байгаа. Хүссэн зүйлээ хийж чадаагүй хүн хамгийн харамсалтай, гунигтай санагддаг. Ингээд амьдралаасаа хагацах тэр мэдрэмжүүд үнэхээр хэцүү. Харин өөрийгөө олж хүссэн зүйлээ хийж буй хүн амар амгалан тайван байдлыг мэдэрдэг. Энэ бүх мэдрэмжийг зургаараа илэрхийлэхийг зорьсон.
- Ирээдүй бол ойлгомжтой. Гайхалтай байна. Сайхан байх болно. Гэвч бүх зүйлийн үр шим дуусна. Ойлгомжгүй болно. Хэцүү ч байж болно. Мэдрэмж нь тогтуун биш гэсэн үг. Амьдрал барьцгүй шүү дээ. Тэр тусмаа хүний мэдрэмж их хэлбэлзэлтэй. Энэ бүхнийг би өөрийнхөө бодол, мэдрэмж, үзсэн зүйлүүд дээрээсээ тулгуурлаж зарим хүний амьдралыг төлөөлсөн гэхэд болно.
Зураачдын үзэсгэлэн "Bluemon" 1 давхарт
Мөн би гудамжны зураач. Гудамжны зураг зураад 6 жил болж байна. Мэргэжлийн түвшинд сураад 4 жил болж байна. 2017 онд ARTO CREW гэх залуусын бүлгэм үүсгэж байсан. Одоо ч байгаа. Салбар салбарын урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх залуучуудтай хамтран, хөдөлгөөн маягаар хийдэг. Залуучуудын илэрхийлэх гэж байгаа утга санааг буюу бухимдаад байгаа зүйлсийг нь гаргаж ирэхийг зорьж, илүү амар амгалан тайван байдлаас харуулахыг хичээдэг. Харин санхүүгийн асуудлаа өөрсдөө зохицуулдаг. Тодорхой хана, объекттой хамааралтай байгаа хүнтэй уулзаж зөвшөөрөл авдаг. Хүмүүс дургүйцээд байдаггүй нь сайхан” гэлээ.