Хөгжлийн банк хэмээх их айл гал голомтоо бадрааж, Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн салбарт өөрийн томоохон хувь нэмрийг оруулсаар багагүй хугацааг ардаа орхин энэ жил банкны 10 жилийн ойтойгоо золгож байгаа билээ.
Банкныхаа 10 жилийн ойн хүрээнд үе үеийн хамт олны санаачилгаар зүрхний асуудалтай Монголын бяцхан үрсэд амьдрал, эрүүл мэндийг бэлэглэдэг “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөх сайн үйлсийн аяныг 10 хоногийн хугацаатай зарласан юм. Энэхүү аянд банкны үе үеийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл 150 гаруй хүнээс 11,6 сая төгрөг цугларч “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөлөө.
Сүүлийн жилүүдэд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн тоо эрс өсөж буй. Учир нь энэхүү эмгэг хүүхэд гурван нас хүртлээ мэдэгдэхгүй 3-5 насанд гэнэт илэрч эмчилгээ хийхэд хожимдсон байх тохиолдолд элбэг байдагтой холбоотой юм. Дэлхий дахиныг хамарсан ковидийн халдварын улмаас улс орнууд хилээ хааж, гадаад оронд мэс засал хийлгэх боломжгүй болсноор олон хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн. Тиймээс зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж буй "Зүрх мартахгүй" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан санаачлан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр өнөөдөр 170 гаруй бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ. Энэ оны гуравдугаар сараас хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг ЭМД-аас бүрэн даахаар болсон ч хүүхдийн ар гэрээс 6-7 сая төгрөгийн зардал гардаг байна.
“Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж бяцхан зүрхийг үргэлжлүүлэн амьдрах буянтай үйлсэд хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөгжлийн банкны үе үеийн удирдлага, албан хаагчид та бүхэндээ талархлаа илэрхийлье.
Цаашдаа үргэлжлэх энэхүү аянд нэгдэн, олон бяцхан зүрхийг аварч, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад амьдрал хайрлахыг монголчууддаа уриалж байна.
Монголын үрс маш олон болж эрүүл чийрэг өсөж, тэдний маань зүрх эх орон, ард түмэн, хөгжлийн төлөө мөнхөд цохилж байх болтугай.
Хандивын данс:
- Голомт банк
- Хүлээн авагч: ЗҮРХ МАРТАХГҮЙ ТББ
- Данс: 1415139507