Монгол Улсад шатахууны үнэ өснө гэдэг нь ташаа мэдээлэл болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлсэн. Тэгвэл дэлхийн зах зээлд өсчихсөн байгаа шатахууны үнийг манай улс дотроо барина гэж худлаа улс төржиж болохгүй хэмээн эдийн засагч Д. Амгалан хэллээ.
Тэрээр, “Баррель шатахууны үнэ 72.99 доллар болоод өсчихсөн. Энэ нь жилийн өсөлтөөрөө 40.9 хувийн өсөлт гэсэн үг. Маш их хэмжээний өсөлт шүү дээ. Дэлхийн зах зээл дээр өсчихсөн байхад бид улс төрийн өнцгөөс тайлбарлаад байж болохгүй. Ковидтой ч холбох юм. Ковид шатахуунтай ямар ч хамаарал байхгүй шүү дээ. Дэлхийн зах дээр өсчихсөн юмыг шатахуун импортлогч нар яах ч арга байхгүй.
Төр засгийн зүгээс ингэж худлаа улс төржсөн юм ярьж болохгүй. Ингэж ярьснаар л алдаатай бодлогууд гаргаад байдаг юм шүү дээ. Хамгийн гол нь төр засаг, шатахуун импортлогч нарын зүгээс хамтарсан арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээлбэл татварын арга хэмжээ байж болно. Шатахуун импортлогч нарт татварын боломжтой таатай нөхцөл бүрдүүлээд, үнээ өсгөхгүй шүү гэдэг гэрээ контракт байгуулах нь зүй. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр хийж болно. Ялангуяа эдийн засгийн энэ хүнд үед стратегийн бараа буюу суурь үнэ үүсгэдэг шатахууны үнэ өсөх юм бол дагаад бүх юмны үнэ өснө.
Мөн дэлхийн зах зээлийн үнэ дээр хамгаалах бодлого хэрэгтэй гэж үзэж байна. Гэрээний арга гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл уламжлалт хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй байгаа юм. Шатахууныг бага үнэтэй байхад нь тодорхой хэмжээний үнэ байршуулаад үнийг бага үнэ дээр түгжих гэсэн үг”.