
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хуралдаанаа хийж, гарсан шийдвэрүүдээ танилцуулж байна. Тодруулбал, мөнгөний бодлогын хүү 12 хувь байсныг 0.5 хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэлээ. Мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөн, 14.5 хувь болгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртгөөр дамжин бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж, суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулав. Тиймээс энэ удаагийн шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг хадгалахад чиглэжээ.
Инфляцын хүлээлтийн хувьд мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, шатахууны үнэ дахин огцом өсөхгүй бол инфляц энэ сараас саарч, ирэх оны дунд үеэс зорилтот интервалд орж тогтворжино гэж үзсэн байна.









