
БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас хийсэн шалгалтаар БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо 2011-2012 оны хооронд гадаадын шүүгчид болон албан тушаалтнуудыг “массажны газар” нэрийн дор охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг газарт оруулж, тухайн газраас авсан үйлчилгээнийх төлбөр тооцоог даасан багадаа 8 тохиолдлыг илрүүлснийг JTBC суваг мэдээлжээ.
БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнуудын холбогдсон авлига, хээл хахуулийн хэргүүдийг шалгах явцдаа дээрх хэргүүдийг илрүүлж, 2016 онд үүнийгээ тайлагнасан нь ийнхүү 10 жилийн дараа ил болжээ.
2011 оны 9-р сарын 21-нд БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Лондоны зуны Олимпын наадамд тоглох эрхийн төлөө Оманы шигшээ багтай тоглосон ба уг тоглолт болсны маргааш БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнууд тоглолтыг шүүсэн шүүгчдийг “массажны газар” луу дагуулж орон, авсан үйлчилгээнийх нь төлбөр болох 760 мянган воныг төлжээ. Үүнтэй адил тохиолдол БНСУ-ын шигшээ баг Кувейтийн шигшээ багтай 2014 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө тоглохын өмнө 2012 оны 2-р сарын 29-нд, мөн 2012 оны Лондоны Олимпын наадамд оролцох эрхийн төлөө БНСУ-ын шигшээ баг 2012 оны 3-р сарын 14-нд Катарын шигшээ багтай хийсэн тоглолтын өмнө болж өнгөрсөн аж.
Ганцхан жилийн дотор БНСУ-ын хөлбөмбөгийн холбоо “сексийн үйлчилгээ”-нд 5.6 сая орчим вон зарцуулсан болох нь шалгалтаар илэрч, уг мөнгөн дүнг тус холбооны албан тушаалтнууд хоол хүнс, уух юм эсвэл алжаал тайлах бариа засалд зарцуулсан гэж худал мэдүүлсэн байжээ. Уг тайлан ил болсны дараа БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо албан ёсоор уучлалт гуйж, тус холбоо 2013 оноос “шилэн карт”-ын системтэй болж, холбооны мөнгийг массажны газрууд, караоке баар зэрэг газруудад ашиглах боломжгүй болгосон гэжээ.
Түүнчлэн гадаад шүүгчдийг угтаж авч, БНСУ-д байх хугацаанд нь дагалдаж, туслах ажлыг Хөлбөмбөгийн холбооны ажилчид бус тусдаа өөр байгууллагын ажилчид хариуцдаг болсныг онцолжээ. Японы Хөлбөмбөгийн холбоо уг хэрэгт холбогдсон байж болзошгүй 4 шүүгчээ шалгаж байгаагаа мэдэгджээ.
Түүнээс гадна БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо шүүгч солилцооны хөтөлбөрөөр ирсэн Хятадын 3 шүүгчийг мөн “массажны газар”-т оруулж, авсан “сексийн үйлчилгээ”-нийх нь төлбөрийг төлсөн байж болзошгүй байгаа аж.









