
ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан технологийн алдааны улмаас шатахууны ачилт хоёр хоног саарч, үүнийг дагаад Монголд орж ирэх нийлүүлэлт тодорхой хэмжээнд буурсан байна. Харин одоо ачилт хэвийн үргэлжилж байгаа аж.
Наймдугаар сард Монгол Улс энгийн АИ-92 автобензиний 75 мянган тонн, Евро-5 стандартын АИ-92 бензиний 21 мянган тонн нийлүүлэлтийг баталгаажуулсан байна. Мөн цаашид шатахууны нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлээр хэлэлцээрүүд үргэлжилж байгаа гэжээ.
Б.Дашпүрэвийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд шатахууны ачилтын хэмжээ нэмэгдэж, бүтээгдэхүүний нийлүүлэлт сэргэснээр энэ долоо хоногийн сүүл гэхэд түгээлт тогтворжих төлөвтэй байгаа юм байна. Есдүгээр сараас нийлүүлэлтийн эх үүсвэрүүд нэмэгдэж, хэвийн үргэлжлэх боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна.
Харин онгоцны түлшний нөөц буурсантай холбоотойгоор БНХАУ-аас нийт 3000 тонн онгоцны түлш авахаар ажиллаж байгаа бөгөөд эхний 1000 тонн нь Монголд ирсэн байна. Үлдсэн 2000 тонн нь тээвэрлэгдэж байгаа аж. Мөн ОХУ-аас сар бүр 5000 тонн онгоцны түлш авахаар тохиролцсон талаар мэдээллээ.
Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, шатахууны түгээлтийг хэвийн түвшинд хүргэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Эх сурвалж: News.mn









