
Өнгөрсөн мягмар гарагт Ливан улсын парламент цаазын ялыг халах тухай хуулийн төслийг дэмжсэнээр цаазын ялыг халсан Ойрх Дорнодын анхны улс болох эхний алхмаа хийжээ.
Парламентын зүгээс уг хуулийн төслөө Ливаны засгийн газарт өргөн мэдүүлэх ба Ливаны засгийн газрын хувьд уг хуулийн төслийг дэмжиж буйгаа хэдийн илэрхийлжээ.
Ливан улсын шүүх цаазын ял ноогдуулсан хэвээр байгаа ч тус улс 2004 оны нэгдүгээр сараас хойш цаазын ял гүйцэтгээгүй аж. Хүний эрхийн байгууллагуудын тооцоолсноор өнөөдрийн байдлаар тус улсад цаазын ялтай 78 гаруй хүн хоригдож байгаа аж.
Шинэ хуульд цаазын ялыг албадан хөдөлмөр эрхлүүлж бүх насаар хорих ялаар солих тухай заажээ.
Ливан улсын хуулиар цаазын ялыг онц ноцтой гэмт хэрэг тэр дундаа хүний амийг хөнөөх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд, терроризмтой холбоотой хэргүүд, эх орноосоо урвах гэмт хэрэг, тагнуул хийсэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдсэн хэргүүдэд оноодог ба цаазын ялыг зөвхөн тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын гарын үсэгтэй тогтоолын дагуу гүйцэтгэдэг аж.
Ливан улс цаазын ялыг халсан орнуудын тоонд багтахыг зорьж байхад 2017 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй Йордан улс энэ оны 6-р сард цаазын ял гүйцэтгэж, Израил улс ХАМАС бүлэглэлийн 2023 оны 10-р сард зохион байгуулсан халдлагад холбогдсон хүмүүст цаазын ял оноох тухай шинэ хуулийн төслийг батлаад байна.
Түүнчлэн Иранд 3-р сарын 19-нөөс хойш багадаа 56 хүн үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргээр цаазаар авхуулаад байгаа аж.









