
Эрэн хайх ажиллагааг 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойн хамт зохион байгуулж байгаа бөгөөд 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор эрэн хайх ажиллагаанд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн нийт 77 хүн оролцож байна.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн юм.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон байна.
Тэрбээр Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь Ховд аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд байрладаг аж.









