Сүүлийн үед коронавирусийн халдвар эрчимтэй өсч байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Энэ үед Улсын баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэхийг иргэд эсэргүүцэж байна.
Манай Өрөг.мн сайтад хандсан иргэн Б.Лхагвадорж баяр наадмыг эсэргүүцэж байгаагаа хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрээр, “Монголчууд бидний нөхцөл байдал хүнд байна. Хоёр жилийн турш үр хүүхдүүд маань хичээл сургуульдаа явж чадсангүй. Тиймээс ийм зүйлийг би дахиж хүсэхгүй байна. Хэрвээ ирэх сард бид баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэвэл бидэнд алдах зүйл их байна. Харин бид юу ч онохгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр ногоон бүс байсан 21 аймаг бүгд улаан бүс болсон. Тиймээс баяр наадмаас иргэд татгалзах хэрэгтэй. Үнэхээр тэмдэглэх шаардлагатай гэж үзвэл өнгөрсөн жилийнх шиг үзэгчгүй тэмдэглэх ёстой. Дөнгөж сэхэж эхэлж байгаа эдийн засгаа бодоод бүх баяр наадам, цугларааныг хорих нь зөв” гэлээ.
Харин энэ талаар иргэд:
- Яг наадмын үеэр халдварын тоо энэ хэвээр байвал тэмдэглэхгүй байсан дээр. Харин вакцины үр дүн гараад эхлэх юм бол халдвар хамгааллаа сайн бариад тэмдэглэж болох байх.
- Иргэдийн ихэнх хувь нь дархлаажуулалтад хамрагдсан мөртлөө халдварын тоо их байгааг гайхаж байна. Хятад вакцинд эргэлзэж л байна шүү. Наадмыг тэмдэглээд дэмий гэж бодож байна.
- Баяр наадам тэмдэглэхийг дэмжихгүй байна. Халдварын тоо өсөх юм бол хичээл сургууль орох нь улам л хойшлогдоно гэсэн үг. Тиймээс тэмдэглэхгүй байсан дээр гэж бодож байна.
- Зөв зохион байгуулалттай хийвэл боломжтой гэж харж байна.